Зусланд гарах айлууд зөвшөөрөл авна

Зуны улирал эхэлсэнтэй зэрэгцэн Увс аймгийн Улаангом сумын зарим айл өрхүүд Гашууны гол, Улаан уулын дээд тал, Гүн бух зэрэг газарт бууж зусдаг. Үүнтэй холбогдуулан тухайн газруудын ус бохирдуулах, хог новш хаях, байгаль орчинд хор хөнөөл учруулах тохиолдлууд нэмэгддэг байна. Иймээс Улаангом сумын ЗДТГ-аас дээрх явдлыг таслан зогсоох үүднээс зусланд гарч байгаа айлуудтай гэрээ байгуулж, усны, байгаль орчны, хог хаягдлын тухай хуулийн гарын авлага, санамж бичиг, зөвшөөрөл олгож буулгахаар болсон байна. Хэрэв иргэд зусландаа гарахаар бэлдэж байгаа бол Улаангом сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүдэд хандаж зөвшөөрлөө авах аж.

“Зөвхөн зусланд гарч буй айл өрхүүд гэлтгүй, иргэн бүр ухамсартай байж, аялал зугаалгаар явахдаа хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх, гол усанд машин, эд зүйлээ угаах зэргээр байгаль орчноо бохирдуулахгүй байх хэрэгтэй. Мөн түүдэг гал асаахдаа болгоомжилж, хүрээлэн буй байгаль орчноо цэвэр цэмцгэр, онгон хэвээр нь хайрлан хамгаалахыг уриалж байна” хэмээн Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав хэллээ.