Гадаад харилцааны сайд ХБНГУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ёорн Розенбергийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Талууд Covid-19 цар тахлын эсрэг хоёр орны Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцжээ.

Сайд Д.Цогтбаатар цар тахал хүрээгээ хумьж, намжсаны дараа хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг хэрхэн сэргээх, үүний тулд хийх ажлын замын зураг, төлөвлөгөө гаргах талаар байр сууриа илэрхийлээд ХБНГУ-ын Гадаад хэргийн Төрийн сайд Н.Аннентай утсаар ярилцаж тохиролцсоны дагуу энэ намар ХБНГУ-ын ЭСЯ, холбогдох байгууллагууд болон МҮХАҮТ-тай хамтран Монгол-Германы бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулах асуудлыг хөндөж ярилцсан байна.