5 минутын дотор тайвшрах арга

Заримдаа хэт их бухимдсанаас болж тайвшрахад нэлээд хүндрэлтэй байдаг билээ. Ялангуяа анхаарал шаардсан чухал ажил хийж байхад оюун санаанд сөргөөр нөлөөлж саад учруулах нь бий. Тиймээс хүн ямар ч нөхцөл байдалд хамгийн түрүүнд тайвширч сурах хэрэгтэй юм. Гэхдээ тайвшрах, амрах гэдгийг хооронд нь хольж болохгүй шүү. Учир нь хэсэг хугацаанд юу ч хийхгүй амрах нь мэдрэлийн системийг тайвшруулж чаддаггүй аж. Ингээд бүгдээрээ хэрхэн 5 минутын дотор тайвширч болохыг хамтдаа сонирхоцгооё.

1.Булчингаа сулла

Анхны оролдлогоороо л үр дүн мэдрэхийг хүсвэл та аль болох чимээгүй орчинг сонгоорой. Эхний ээлжинд биед эвтэйхэн хувцас өмсөөд, гэртээ төвлөрч сурснаар дараа нь та хүссэн газраа тайвширч чадах болно. 

Гэртээ байхдаа зурагт, хөгжмөө унтрааж, боломжоороо гэрлээ багасгаж, өөрт тухтай байрлалдаа суугаарай. Мөн бодлоо цэгцэлж, зөвхөн тайвшрах хэрэгтэй гэдгээ санаж, жигд амьсгалах ёстой шүү.

Булчингаа сулла

2.Биеэ барих болон тайвшрахын ялгааг мэдэрч сур

Тайвшрахын тулд та эхлээд биеэ барилтыг мэдрэх хэрэгтэй. Гараа хамгийн чангаараа атгаж 10 хүртэл тоолоод, гараа суллаж, өвдгөн дээрээ тавина. Үүний дараа та биеэ барих, тайвшрах хоёр ямар их ялгаатай болохыг ойлгоно. Ингээд тайвширсан байдлаа мэдэрч, хэсэг хугацаанд амрах хэрэгтэй.

Дараа нь биеийнхээ бүх булчинг ээлж ээлжээр нь чангалж, суллаарай. Тэгэхдээ доорх дарааллыг баримтлаарай.

Биеэ барих болон тайвшрахын ялгааг мэдэрч сур

Шуу: Гараа тохойгоор нь нугалж, алгаа мөрөндөө хүргэхийг хичээгээрэй.

Гарын арын хэсэг: Чадах чинээгээрээ гараа сунга.

Мөр: Мөрөө чихэндээ хүргэ.

Хүзүү: Толгойгоо хойш болго.

Дух: Асуулт асууж байгаа мэтээр хөмсгөө өргө.

Зовхи: Нүдээ чанга ань.

Гавал: Шүдээ зуу.

Хэл болон хоолой: Хэлээ тагнайдаа хүргэ.

Уруул: Ямар нэгэн жижиг зүйл барих гэж байгаа мэт болж, уруулаа жимий.

Цээж: Гүн амьсгал аваад амьсгалаа түгж.

Гэдэс: Цохилтод бэлдэж байгаа мэтээр гэдэснийхээ булчинг чангал.

Ташаа болон нуруу: Нуруугаа тэнийлгээд, өгзгөө чангал.

Хөл: Хөлөө шулуун болгож, өлмийгөө тэнийлгэ.

Ийнхүү булчингуудаа 10 секундийн турш чангалж, суллаарай.

3.Бие организмаа тайвшралд дасга

Булчингаа сулласан чигтээ хэдэн минутын турш сууж, бие организм чинь тайван байх үед ямар мэдрэмж төрдгийг тогтоож аваарай.

Хэдийгээр эдгээр дасгалыг нэг удаа хийгээд үр дүнд хүрэхгүй байх магадлалтай хэдий ч хэсэг хугацааны дараа танд тайвшрахад ердөө л 5 минут хангалттай байх болно.

Улмаар та ажилдаа явж байхдаа гар болон нуруугаа суллаж чадахаас гадна ширээний ард сууж байхдаа ч хөлөө амрааж сурах болно шүү. 

 

Бие организмаа тайвшралд дасга