Хэнтий аймагт усархаг борооны улмаас 99 айлын гэр, байшин үерт автжээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1, 2, 3, 4, 5 дугаар багт тус суманд зургаадугаар сарын 24-ний өдрийн 18:55-20:50 цагийн хооронд аадар бороо /мөндөр/ орж, үер буужээ.

 

Үүний улмаас зургаадугаар сарын 25-ны 01:00 цагийн байдлаар 99 айл өрхийн гэр, хашаа /84 гэр, 15 байшин/, 13 аж ахуйн нэгж байгууллагын барилгын зоорийн давхар, 9 орон сууцны байрны зоорийн давхар, нийтийн эзэмшлийн зам талбайн 80 хувь нь усанд автсан тухай 121 дуудлага бүртгэгдсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид зам арчлалтын “Харгуй” ХХК-ийн ажилтнууд сэргээн босгохоор ажиллаж байна.

Үерт өртөж гэртээ амьдрах боломжгүй болсон дөрвөн айл өрхийн долоон том хүн, таван хүүхэд, нийт 12 хүнийг Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн дотуур байранд түр байрлуулж байна.

Мөн тус аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын зургаадугаар сарын 24-ний өдрийн 19:00 цагийн мэдээгээр зургаадугаар сарын 25-ны өдрийн 01:00 цагаас эхлэн усархаг аадар бороо орохоор байсан тул ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр хүч нэмэгдүүлэн Үндэсний аврах бригад, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид зургаадугаар сарын 24-ний өдрийн 23:00 цагт явж, БНД-ийн ОБХ-ийн бүлэг 03:15 цагт, ҮАБ-ын бүлэг 05:40 цагт очжээ.

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар