2019 онд баталсан хуулиудад Төрийн тамга дарав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар 2019 онд батлагдсан хуулиуд дээр Төрийн тамга өнөөдөр дарлаа.

Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барьж, Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр, Монгол Улсын хууль, УИХ-аар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай УИХ-ын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус тус дардаг байна.

Төрийн тамгыг үндэсний хээгээр чимэглэсэн мөнгөн тоног бүхий, зөөлөн торгомсог эдээр доторлосон зандан модон хайрцагтай нь авчирч, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасны дагуу УИХ-аас 2019 онд баталсан 216 хуулийн уг эхийн эхний хуудаст дарав.