Дэлгэрхаан суманд нөхөрлөлүүдийн холбоог байгуулав

Дэлгэрхаан суманд Байгалийн нөөцийн хамтын менежментийн /БНХМ/ 10 нөхөрлөл газар нутгаа хариуцан хамгаалах эрхээ баталгаажуулаад байна.

Тухайн нөхөрлөлүүдийг байгалийн нөөцийн хамтын менежментийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлага, мэдээллээр хангах, тогтвортой санхүүжилтийг бий болгох зорилгоор “Аварга-Дэлгэрхаан” нөхөрлөлүүдийн холбоог байгуулжээ

БНХМ-ийн нөхөрлөл нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3.2.8 дахь хэсэг, 45-р дугаар зүйл, 47-р дугаар зүйл, 50-р дугаар зүйл заалтуудыг үндэслэн байгалийн нөөцийн хамтын менежментийн үйл ажиллагаа явуулах замаар бэлчээр нутагтаа эзэн нь болж эрхээ баталгаажуулах эрхзүйн бүрэн чадамж бүхий субъект юм байна. Тодруулбал нутгийн иргэд газар нутагтаа хууль ёсоор эзэн нь байх, хамтарч ажиллах, эв нэгдлийг бий болгох, байгалийн нөөцийг жигд хүртээмжтэй ашиглах боломжийг бий болгож буй зохион байгуулалтын хэлбэр аж.

Дэлгэрхаан сумын БНХМ-ийн Хэрлэнтоонот, Хэрлэнгол нөхөрлөлүүд нь Хэрлэнтооно уулын аманд ус тогтоох хөв цөөрөм байгуулах, Зүүн нуруу, Уулын ар, Гүнбүрд нөхөрлөлүүд нь өөрсдийн хариуцан хамгаалах газарт буй булаг, шандны эхийг хамгаалах, зэрлэг ан амьтан, бэлчээрийн мониторинг судалгаа, байгаль дахь хог хаягдлыг цэвэрлэх зэрэг томоохон ажлуудыг зохион байгуулж менежментийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэг. Ингэхдээ орон нутгийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг бөгөөд улмаар нөхөрлөлүүд орон нутагтаа хүлээн зөвшөөрөгдөж, шийдвэр гаргах түвшинд өөрсдийн дуу хоолойгоо хүргэн ажиллаж байна. 

Нөхөрлөлийн менежмент төлөвлөгөөнд гишүүддээ мэдлэг, мэдээлэл түгээх үйл ажиллагааны чиглэл тусгагдсан байдаг гэнэ. Энэ хүрээнд нөхөрлөлийн үйл ажиллагаанд шаардлагатай  сургалтуудад гишүүд хамрагддаг бөгөөд тухайн сургалтад хамрагдсан гишүүд өөрийн сурсан мэдлэгээ нөхөрлөлийн  бусад гишүүддээ хүргэдэг жишиг тогтоон ажиллаж байна. Энэ шинэлэг арга барил нь сургалт мэдээллийн үйл ажиллагааг жигд хүртээмжтэй болгоход төдийгүй хамт олны эв нэгдлийг сайжруулахад ихээхэн эерэг нөлөө үзүүлж байна. 

БНХМ-ийн нөхөрлөлийн гишүүд ярихдаа “Бид ядаж өөр хоорондооо бэлчээрийн маргаан хийлгүйгээр зохицдог болж байна. Тууврын мал нөхөрлөлийн хариуцан хамгаалаж буй газраар дайран өнгөрөхөд сумын засаг даргаас олгосон гэрчилгээгээ авч очин танилцуулахад хүмүүс ойлгон хүлээн авч бидний хаваржааны газраас явсан” гэж ярьцгааж байсан нь нутгийн иргэд өөрсдийн газрын эрхээ хамтаараа баталгаажуулах нь өнөөдрийн үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг өөрчлөх боломжийг бий болгож байна.