АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?

Эрх барьж байсан Ардчилсан нам УИХ-ын 2016 оны сонгуульд 35 суудлаа алдаж, дөнгөж бүлэг байгуулах хэмжээний кноптой үлдсэн нь тус намын хувьд хүнд цохилт болоод байна.

Чухамдаа АН гудамжинд лааз өшиглөх дээрээ тулна гэдгийг Ардчилсан нам төсөөлөөгүй юм. Өөрсдийнхөө 20 хүрэхгүй рейтингдээ хэт эрдэж, дээр нь хамгийн их савалгаатай, сонгогчдын санал олноор гэгддэг жижиг мажоритар системээр сонгуулиийг явуулахаар шийдвэрлэсэн нь яг үнэндээ бол АН-ын хувьд амиа хорлосонтой ялгаагүй болсон гэж хэлэхэд буруудахгүй.

Ийнхүү гудамжинд лааз өшиглөх дээрээ тулсан Ардчилсан намынхан намаа шинэчлэх тухай дээр дооргүй ярилцаж байна. Гэвч, намаа яаж шинэчлэх нь тэдний хувьд толгойны өвчин болоод байгаа бөгөөд  энэ асуудлаа ҮЗХ-ны хуралдаанаар хэлэлцэхээр бэлтгэж байгаа билээ.

Тус нам ҮЗХ-ны хурлаа энэ сарын 25-нд, Их хурлаа ирэх арванхоёрдугаар сарын 6-нд хийнэ. Гэхдээ ҮЗХ-ны хуралдаан товлосон хугацаандаа болж, АН-ынхан хэрүүл уруул, талцал, зодоонгүйгээр асуудлаа ярилцаж чадна гэхэд ч эргэлзээтэй байна.

Хэрэв Ардчилсан нам ялагдлынхаа шалтгааныг нэг, хоёр хүнд тохохгүйгээр асуудлынхаа мөн чанарыг ярилцаж чадвал шинэчлэгдэнэ. Харин зүгээр л үлдсэн шавхруун дээр зодолдож байгаа ноход шиг ганц намын дарга гэсэн суудал дээрээ нөгөө л фракциуд нь тэмцэлдвэл тэнэг харагдана.

АН-ын ҮЗХ-ын хурал ирэх долоо хоногийн баасан гаригт тохиож байгаа. Гэхдээ энэ өдөр гишүүд нь цуглараад хурлаа хийнэ гэхэд хэцүү. Учир нь хичээлийн шинэ жил гээд ажил ид оволзох үеэр АН-ын ҮЗХ хуралдана гэдэг эргэлзээтэй хэмээн нам дотроос нь ярих хүмүүс цөөнгүй байгаа юм.

Тэгээд ч дээр нь фракциуд нь шинэчлэл дээрээ тохирч чадахгүй бол АН-ын ҮЗХ хуралдахгүй.

АН-ын ҮЗХ-ны хурлаар даргын асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл бий.Одоогоор тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Эрдэнэбат ажиллаж байгаа бөгөөд түүнийг жинхлэх тохиролцоог “МҮДН”, “Алтангадас” нар хийжээ. ҮЗХ-ны 226 гишүүний олонх нь “МҮДН” болон “Алтангадас”-ынх. Энэ утгаараа намын дарга болох хамгийн их шаантай хүнээр Д.Эрдэнэбат тодорч байна. Дээр нь С.Эрдэнийг “Шонхор”-ынхон сойж байгаа бол Г.Батхүүг МҮАН-ынхан дэмжиж буй. Харин “Нэг ардчилал”-ынхан Л.Гантөмөрөө зүтгүүлж эхэлсэн гэнэ. Дээр нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ын дарга болохоор горилж байгаа бололтой, ойр ойрхон хэвлэлд гарч, хэвлэлээр өөрийгөө намын дарга болох хүн хэмээн бичүүлж эхэлсэн нь худлаа биш.

Ийнхүү нөгөө л намын гэхээсээ фракцийн эрх ашгийн тулаан АН-ын даргын суудал дээр өрнөж байна. Уг нь хэн намын дарга болох нь чухал ч гэлээ хамгийн чухал нь яаж намаа шинэчлэх вэ, яаж дотоод үл ойлголцол, зодоон талцалаа дуусгах вэ, сонгуулийн ялагдлын үндэс хаанаас хэзээ эхэлсэн бэ гэдгээ эрүүлээр ярилцсан бол АН илүү хурдан хугацаанд шинэчлэгдэж чадах байсан юм. Энэ асуудлыг ярилцах болов уу гэсэн хүлээлт Их хурлыг чиглэжээ.

АН-ын Их хурал бүгдийн эрх ашгийг хангасан байх ёстой. Бүгдээрээ хэлэлцэж байж л намаа шинэчлэх ёстой болохоос фракциудынх нь удирдлагуудын тохиролцоогоор даргаа томилбол АН-д ашиггүй гэсэн үг.