Гурван ихэр хүүд гурван өрөө байр олгохоор болжээ

Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэв, гэргий Э.Содномбаяр нар нэг сар гаруй хугацааны өмнө 3 ихэр хүүтэй болсон. Ихрүүд долоодугаар сарын 14-нд 2 сар хүрнэ.

Эцэг, эх нь тэдэнд Б.Билэгсайхан, Б.Элбэгсайхан, Б.Түвшинсайхан гэх нэр хайрлажээ.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар тус гэр бүлд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр аймгийн удирдлагууд 3 ихэр хүүг мялааж  3 өрөө байр олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр болжээ.

Мөн аймгийн ХХҮГ, ГБХЗХГ,  Жаргалант сумын удирдлагууд болон “Мөст цэвэрлэг булаг” ХХК-ийн захирал Т.Баярсайхан нар тус гэр бүлд баяр хүргэж, 3 ихэр хүүг мялаасан гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.