Нефтийн үнэ өсжээ

Европын Холбооны удирдагчид эдийн засгаа сэргээх багцын талаар тохиролцоонд хүрч, коронавирусний вакцины туршилтуудын талаар найдвар төрүүлсэн мэдээлэл гарсантай холбоотойгоор нефтийн үнэ мягмар гарагт нэг гаруй ам.доллароор өслөө. 

 

 

“Brent” маркийн нэг торх нефтийн фьючерс хэлцлийн үнэ 1.04 ам.доллар буюу 2.4 хувиар өсөж, 44.32 ам.долларт хүрчээ. Мөн “WTI” маркийн нефтийн нэг торхын үнэ 41.96 ам.долларт хүрсэн нь 1.15 ам.доллароор буюу 2.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Нефтийн үнэ сүүлийн дөрвөн сар гаруйн хугацаанд хамгийн өндөр хэмжээндээ хүрч буй нь энэ юм.

 

Мягмар гарагт ЕХ-ны удирдагчид 750 тэрбум евро буюу 859 тэрбум ам.долларыг коронавирусний халдварт нэрвэгдсэн орнуудад дэмжлэг үзүүлэх тохиролцоонд хүрсэн юм. Мөн коронавирусний вакциныг түгээж эхлэхэд олон сарын хугацаа шаардлагатай хэвээр байгаа боловч эхний нааштай үр дүнгүүд гарч эхэлжээ. Үүний зэрэгцээ хэд хэдэн компани “COVID-19”-ийн эсрэг дархлаа үүсгэх шинэ эмүүдийг гарган авахаар туршиж байгаа ажээ.