Хорихоос өөр төрлийн ялын биелэлтийг шалгажээ

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр "Эд хөрөнгө хураах ялын биелэлт"-ийг шалгажээ. Шалгалтаар эд хөрөнгөө хураалгах ялаар шийтгүүлсэн ялтнууд нь өөр орон нутгийн хорих ангид үндсэн ялаа эдэлж байгаа нь тогтоогдсон байна. Мөн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялын биелэлтийг хангуулахаар явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг ялтны ял эдэлж байгаа хорих анги руу, ялтны шийтгэх тогтоолд заасан оршин суух хаягаар хороо, багийн засаг дарга нарт болон холбогдох бусад байгууллагаас албан бичгээр лавлагаа авах хэлбэрээр хийгдэж байгаа нь бодитой, үр дүнтэй бус байжээ.

Тиймээс хийгдвэл зохих зарим ажиллагаа бүрэн хийгдэхгүй байна гэж үзээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу ажиллагааг бодитой хийж, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг нэг мөр хангуулах, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмын дагуу эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангаж ажиллах талаар хугацаатай үүрэг чиглэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгчээ. Түүнчлэн биелэлтэнд нь хяналт тавьж ажиллахаар шийдвэрлэсэн байна.