ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 2000 МОД ТАРИЛАА

 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар сарын 10 болон 10 дугаар сарын 10-ны өдрийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласан. 10 дахь жилдээ "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийг зохион байгуулж, БОАЖЯ тэргүүтэй төрийн болон хувийн хэвшлийн 50 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2000 мод тарилаа.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Бид бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг 10 дахь жилдээ тэмдэглэж иргэд, аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтдаа мод тарилаа. Монгол орны нийт нутгийн 7,9 хувийг л ойрхог талбай эзэлдэг. Үүнийг бид 8,6 хувьд хүргэх том зорилт тавин ажиллаж байгаа. Энэ зорилтод хүрэхэд салбар яамнаас гадна иргэдийн оролцоо хамгийн чухал. Ирээдүй, үр хойчдоо үлдээх бидний хамгийн том өв бол ногоон байгаль, цэнхэр ус, цэлмэг тэнгэр юм. Тиймээс хүн бүрт мод тарьж, хайрлаж хамгаалахыг уриалж байна”.
Өнөөдөр ундны усны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор чацаргана, агч, тэхийн шээгийг, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар гацуур, монос, голт бор, гүйлс, үхрийн нүд тарьж, нийслэлийн ногоон байгууламж болон ногоон ирээдүйд хувь нэмрээ оруулцгаалаа.
2020 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ой тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд тал газрыг ногоон цэцэрлэгт хүрээлэн болгож чадсан Монголын анхны томоохон төсөл юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдрийн байдлаар нийт 139,717 мод, бут, сөөг тарьснаас 98.5 хувь нь ургажээ.