Дархан-Уул аймаг 24 цагийн тэг зогсолт хийлээ

Аймгийн хэмжээнд өнгөрсөн 4 хоногийн хугацаанд төрийн албан хаагч болон түүврийн аргаар иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авсан. Эхний 6000 иргэний хариу сөрөг гарсныг бид мэдээлсэн. Харин нийт хүн амын 10 хувьд шинжилгээ хийх явцад буюу өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр шинжилгээ өгсөн иргэдийн дундаас түргэвчилсэн шинжилгээний нэг тохиолдол нь эерэг гарсан байна.

Бүх ЕБС-ийн, СӨББ-ын багш нар, иргэдтэй харьцдаг төрийн албан хаагчид, мэргэжлийн анги албадуудын алба хаагч, инженерийн байгууллагын ажилтнууд, худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэд зэрэг нийт 10302 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан аж.

Харин 2020 оны 11 сарын 17-ны 00 цаг 26 минутад ЭМГ-аас Аймгийн онцгой комисст нэг сэжигтэй тохиолдол илэрснийг мэдэгдсэн байна. Үүний дагуу хариу арга хэмжээ авч ХӨСҮТ-тэй холбогдож яаралтай шинжилгээ авч явуулсан байна. Гэхдээ одоогоор эцсийн хариу гараагүй байгаа гэдгийг мэдэгдсэн.

Шөнийн 01.00 цагт Онцгой комиссын шуурхай хурал болж нэгдүгээр зэргийн болон дам хавьтагчдын судалгааг гаргах үүднээс 24 цагийн тэг зогсолт хийхээр шийдвэр гаргалаа. Ингэснээр мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудаас бусад бүх үйлчилгээ зогсох аж. Ариутгал халдваргүйтгэлийн ажлыг одоогоор хийж байна.