Нийлүүлэлтийг хариуцсан шуурхай ажлын хэсэг байгуулахыг санал болгов

Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас бүх нийтийн бэлэн байдлын үед эдийн засаг, бизнест учирч буй эрсдэлийг тооцон, түүнийг хэрхэн удирдах гэсэн санал боловсруулан Засгийн газарт хүргүүлжээ.

 

Санал нь хүнсний салбарын үйл ажиллагааг дэмжих, иргэдийг орлоготой байлгах, хатуу хөл хорионоос бизнест үзүүлж буй нөлөөллийг саармагжуулах, удаалаад бизнесийн үйл ажиллагааг сэргээх гэсэн 4 чиглэлд ханджээ. 

Үүнд, хүнсний салбар болон тус салбарыг дэмжин үйл ажиллагаа явуулдаг бусад салбарыг хэвийн ажиллуулах хэрэгтэй байна гэжээ. Тухайлбал, хүнсний салбарын нийлүүлэлтийн сүлжээний бүх оролцогч ААН-ийн үйл ажиллагааг хэвийн явуулах. Хүнсний нийлүүлэлтийн сүлжээнд хамаарах боловсруулалт, үйлдвэрлэл, савлалт, нийлүүлэлт, хүргэлт, тараалт, борлуулалт, үйлчилгээтэй холбогдох бүх ААН үүнд хамаарна гэжээ.

 

Ингэхдээ хүнсний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэр ба хүргэлтийн үйлчилгээтэй холбоотой төрийн ба бизнесийн байгууллагуудын салбарчилсан шуурхай ажлын хэсгүүдийг байгуулах, ажлын хэсгүүд нь тухайн салбартай холбогдох бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, худалдаа, экспорт, хүргэлт зэрэг бүх үйл ажиллагааг хариуцан ажиллах хэрэгтэй байна гэсэн саналыг дэвшүүлжээ. 

Цаашлаад Засгийн газраас хүнсний үйлдвэрлэл явуулахад шаардагдах түүхий эдийн импортын татварыг хөнгөлөх, түүхий эдийн бүтээгдэхүүнийг гаалиар нэвтрүүлэхдээ хөнгөлөлттэй нөхцлөөр нэвтрүүлэх гэсэн байна.

Мөн иргэдийг орлоготой байлгах үүднээс орон сууцны ипотекийн ба хэрэглээний зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийг хорио цээрийн хугацаанд хойшлуулах, хүүг хөнгөлөх, чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх

  • Хувийн хэвшилд ажиллагсдын ажлын цаг, цалингийн хэмжээ нэг сараас дээш хугацаанд буурахад хүрвэл алдагдсан цалин хөлсийг Засгийн газраас бүхэлд нь эсвэл хэсэгчлэн олгох,
  • "COVID-19"-ийн цар тахлын дэгдэлтэд ноцтой хохирол амссан жижиг бизнес эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүх төрлийн татвар, татварын өр төлөх хугацааг хойшлуулах,
  • Хувиараа НДШ төлөгч иргэдийн нийгмийн даатгал төлөх хугацааг 6 сараар хойшлуулах гэсэн байна. 
  • Хатуу хөл хорионы бизнест үзүүлж буй нөлөөллийг саармагжуулах үүднээс яаралтай тусламжийн зээлийн сангийн эх үүсвэрийг төрөөс бүрдүүлж, хувиараа хөдөлмөр эрхлэгч, 10 хүрэхгүй ажилтантай жижиг бизнес эрхлэгчдэд олгох (зээлийн нөхцөл нь барьцаагүй, хүүгүй байх)

  • Үйл ажиллагааг зогсоосон буюу хязгаарласнаас болж хүнд байдалд орсон ААН-үүдийн ажлын байрыг хадгалахад дэмжлэг үзүүлэх зорилготой (ээлжийн амралтын тэтгэмж олгох, хэсэгчлэн цалинтай чөлөө олгох) Хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах мөнгөн тусламж олгох хөтөлбөрийг гаргаж хэрэгжүүлэх,
  • Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг буцаан олгох (ААН-ийн ажиллагч нарын тооноос хамааруулан өмнөх жил төлсөн даатгалын шимтгэлийн 50-70 хувийг шууд буцааж олгох)
  • Томоохон түрээслүүлэгч ААН-үүд түрээсийн төлбөртөө тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхийг бодлогоор дэмжих. Үүнд: Төрийн өмчит байгууламжийг түрээсэлдэг ААН-ийн түрээсийг бууруулах, чөлөөлөх, бусад ААН-ийн түрээсийн төлбөрийг бууруулахад төрөөс тодорхой хэмжээ санхүүжилт оруулах гэжээ. 
  • Үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын хураамж зэрэг төрийн байгууллагуудад төлөх төлбөр, шимтгэл, хураамжуудыг түр хугацаагаар хөнгөлөх, чөлөөлөх, хойшлуулах,
  • Цар тахлын нөлөөгөөр төрийн өмчит ААН-үүдтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй болсон бизнес эрхлэгчдийн гэрээний биелэлтийн хугацааг хөл хорионы хугацаатай уялдуулан сунгах,
  • Бизнес эрхлэхэд шаардагдах цахилгаан, дулаан, усыг тасралтгүйгээр өр төлбөр үл харгалзан хангах. Үйл ажиллагаа нь зогссон, хязгаарлагдсан ААН-үүдийг цахилгаан дулааны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх,
  • Татварын орлого бүрдүүлэхтэй холбоотой татварын байгуулагаас авч хэрэгжүүлж буй  ААН-үүдийн данс хаах, орлогоос шууд авах арга хэмжээ, үйл ажиллагааг зогсоох,
  • Үйл ажиллагааг нь зогсоосон, эсвэл хязгаарласан аж ахуйн нэгжүүдийн НӨАТ, орлогын албан татвар, гаалийн татварын төлөх хугацааг 3 сараас доошгүй хугацаагаар хойшлуулах, алданги, торгууль ногдуулахгүй байх
  • НДШ-ийг төлөх хугацааг 3 сараас дээш хугацаагаар хойшлуулах гэсэн байна. 

Бизнесийн үйл ажиллагааг сэргээх чиглэлээр:

  • Экспортын чиглэлийн ААН-үүдийн үйл ажиллагааг ойрын үд хэвийн болгох яаралтай арга хэмжээг авах,
  • Улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг барилга, замын салбарын ААН-үүдэд хүйтний улирлаас өмнө дуусгах ажлыг гүйцэтгүүлэх боломж олгох зайлшгүй шаардлага байгаа тул үйл ажиллагааг хэвийн явуулах шийдвэрийг яаралтай гаргах,
  • Төрөөс ажил гүйцэтгэгч ААН-үүдээс барьцаанд авсан гүйцэтгэлийн болон баталгаат хугацааны баталгааны тодорхой хувийг цуцлах гүйцэтгэгч нарт олгох замаар дэмжих,
  • Төсвийн болон төрийн байгууллага, төрийн өмчит компаниудад ажил үйлчилгээ үзүүлсэн, бараа нийлүүлсэн ААН-үүдийн төлбөрийг шуурхай шийдэж барагдуулах,
  • Үйл ажиллагааг зогсоосон, хязгаарласан салбарын үйл ажиллагааг сэргээх үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэх, тухайлбал, ажиллагсдын 50 хүртэл хувийг ажиллуулах, ээлжээр ажиллуулах гэх мэт.
  • 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлэн хөрөнгө оруулалтын чухал бус зардлын зориулалтыг өөрчилж, ААН-үүдэд санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд ашиглах,
  • ЖДҮ-ийн хөгжлийн сангаас олгох зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, Засгийн газрын сангуудын хөнгөлөлтэй эх үүсвэрийг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан хуучин ажлын байруудыг хадгалах, үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн хэвийн үйл ажиллагааг дэмжихэд чиглүүлэх,
  • Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг бизнесийг сэргээхэд чиглүүлэх хэрэгтэй байна гэжээ.