Дэлхийд тэргүүлэгч “Пингвин” хэвлэлийн газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай номыг хэвлэжээ

Дэлхийд тэргүүлэгч хэвлэн нийтлэгч компаниудын нэг “Пингвин” хэвлэлийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын тухай “President Battulga Up Close and Personal” номыг хэвлэн гаргажээ.

Өнгөрсөн 10 дугаар сард хэвлэгдсэн энэхүү ном нь тус хэвлэлийн газрын түүхэн дэх ажил үүргээ гүйцэтгэж буй Ерөнхийлөгчийн талаар гаргаж байгаа анхны ном юм байна. Өөрөөр хэлбэл, “Пингвин” хэвлэлийн газраас өмнө нь улстөрчдийн намтар, дурсамж, дурдатгал болон тэдний тухай бичсэн олон ном хэвлэсэн ч ажлаа хийж байгаа ерөнхийлөгчийн тухай ном гаргаж байгаагүй ажээ. 

Зохиолч, нийтлэлч Д.Төрмөнх (Turu Khan)-ийн бичсэн “Миний мэдэх Ерөнхийлөгч  Баттулга” номын англи хувилбар “President Battulga Up Close and Personal” номыг хэвлэсэн “Пингвин” хэвлэлийн газар өөрийн цахим хуудастаа “Энэ ном нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бизнес эрхлэгчээс улстөрч болох замналыг туулахдаа баримталсан амьдралын философи, үзэж туулсан, гаргасан ололт амжилт, бүтэлгүйтлийнх нь талаар өгүүлсэн намтар юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2017 оноос хойш ажиллаж байгаа Халтмаагийн Баттулга болон номын зохиогч нар коллежид хамт суралцдаг байсан бөгөөд найзууддаа “Тулгаа” гэж дуудуулдаг байсан тэрбээр тухайн үедээ жинсэн өмд оёж, пянз зарж, наймаа хийдэг байв. Мөн спортоор хичээллэж, Улаанбаатар хотын урчуудын эвлэлийн хороонд ажиллаж байх үедээ Самбо бөхийн дэлхийн аваргын тэмцээнд түрүүлж, Дэлхийн аварга болсон юм. Энэ мэтчилэн тэр амьдралынхаа туршид олон амжилтын эзэн болсон нэгэн юм. Тэрбээр “Шар такси” үйлчилгээ болж өргөжсөн бизнесээ эхлүүлж, “Саятан” сугалааг зохион байгуулж, шөнийн цэнгээний газар нээснээс гадна Монголд анх удаа супермаркет нээж байв. Мөн Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжих үеэр “Талх, чихэр”, “Мах импекс”, “Баянгол зочид буудал” зэрэг компанийн хувьцааг эзэмшиж, ард түмэндээ танигдсан томоохон бизнес эрхлэгч болжээ. Улмаар Х.Баттулга нь парламентад гурван удаа сонгогдож, Зам, тээврийн сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж, Монголын Ардчилсан Холбоог удирдаж, Монголын Жүдо Бөхийн Холбооны ерөнхийлөгч болсон юм. Түүний удирдлага дор Монголын жүдо бөхийн тамирчин анх удаа олимпын аварга болсон нь тус улсаас төрсөн анхны олимпын аварга байв.

Нөгөө талаар тэрбээр амжилтад хүрсэн хэдий ч үргэлж нууцлаг нэгэн байдаг. Түүний амнаас үг унагах хэцүү. Түүнд олон дагагч байдаг ч түүнийг хатуу шүүмжлэх хүмүүс ч олон бий. Хэвлэл мэдээллээр өөрийг нь маргааны гол сэдвээ болгодог сэтгүүлчдийн анхаарлыг Х.Баттулга татсаар иржээ. Тэр үнэхээр юу хүсэж байна вэ? Юуны төлөө тууштай тэмцсээр ирэв? Халтмаагийн Баттулга гэж хэн бэ?

Зохиогч өөрөө гэрч нь болсон бодит үйл явдлууд болон Х.Баттулгатай хийсэн онцлох ярилцлагууд дээрээ тулгуурлан бичсэн энэхүү номоороо Чингис хааны аварга том морьт хөшөөг босгож, “Их Майдар эко хот”-ын төслийг санаачилсан хүний мөн чанарыг уншигчдад илүү сайн таниулахыг зорьж, сүүлийн үед явуулж буй үйл ажиллагаанаас нь хуваалцахыг хүсжээ” хэмээн танилцуулсан байна.

Зохиолч, нийтлэлч  Д.Төрмөнх  (Turu Khan) нь 2019 оноос Penguin Random House компанитай хоёр номоо хэвлэж дэлхий дахинд зарж борлуулах гэрээ байгуулсан бөгөөд энэ удаад “Миний мэдэх ерөнхийлөгч Баттулга” номоо хэвлүүлсэн бол 2021 онд “Санкара” хэмээх дараагийн эссэ-романаа хэвлүүлэхээр тохиролцжээ. 

Ташрамд дурдахад, дэлхийн тэргүүлэгч хэвлэлийн газар Penguin Random House нь анх 1800 онд анх Британид үүссэн, үндэстэн дамнасан хэвлэлийн компани юм. 2013 оны байдлаар Penguin Random House нь дэлхийн хэмжээнд 10,000 орчим өндөр мэргэжлийн ажилтнуудыг 250 хэлтэстээ ажиллуулж, жил бүр 15,000 нэрийн 800 сая ном борлуулсан байна. 2014 оны 9 дүгээр сард Random House studio нь Universal Pictures компанитай анхны харилцан ажиллах гэрээг байгуулж, Penguin Random House-д хэвлэгдсэн номуудаас сэдэвлэн бүтээсэн кинонуудын  продюсероор ажиллах болсон. Universal Pictures компанийн охин компани болох Focus Features нь Random House Films-тэй байнга хамтарч ажиллаж, кино бүтээдэг юм.

“Пингвин” хэвлэлийн газар нь хамгийн сүүлд АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн дурсамж, дурдатгалын “A Promised land” номыг хэвлэсэн байна.

 

Эх сурвалж: https://penguin.sg/book/battluga-up-close-and-personal