Д.Нарангэрэл: Хөдөлгөөний хязгаарлалт хийж чадвал халдвар хүн амын дунд бага тархана

Коронавирусээс сэргийлэх олон аргын нэг нь хөдөлгөөний хязгаарлалт буюу нийтийн дархлаа үүсгэх юм хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

 

 

Тэрбээр мэдээлэлдээ, “Коронавирусний халдвартай  нэг хүн нийтийн дунд ороход халдвар авсан хүнийг тусгаарлах, хөдөлгөөний хязгаарлалтад оруулбал халдвар хүн амын дунд тархах нь бага байдаг. Хэрвээ бид энэ арга хэмжээг авч чадахгүй бол халдвар хүн амын дунд их тархана. Үүний үр дагавраар коронавирусний дэгдэлт гарна. Дэгдэлтийн дараа олон хүн эрсдэх үр дагавар үүснэ.

Хэрвээ бид хөдөлгөөний хязгаарлалт хийж чадвал халдвар хүн амын дунд бага тархана. Ингэснээр дэгдэлт гарахгүй. Үүний үр дүнд олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална.

Мөн дархлаажуулалт буюу вакцинжуулалт сайн хийж чадвал хүн амын дунд халдвар тархахгүй, сүргийн дархлаа үүснэ. Сүргийн дархлаа үүсвэл өвчний дэгдэлт гарахгүй гэсэн судалгаа байгаа. Гэхдээ вакцин үр дүнтэй боловч эцсийн зогсоол гэж үздэггүй. Учир нь вакцин гарч, хийлээ ч гэсэн хүн амын дунд амьдралын зөв дадал хэвшил гараа сайтар савандаж угаах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих гэдэг арга барилыг давхар хэрэглэж байж үр дүнд хүрнэ” гэдгийг онцолсон юм.