А.Амбасэлмаа: Нийслэлд тусгаарласан зургаан гэр бүлээс коронавирус илэрсэн

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод  коронавируст халдварын 32 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр тохиолдол чухам хаанаас илэрсэн талаарх асуултад ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар хариулт өглөө. 

 

-Нийслэл хотод  32 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Хэд нь эрсдэлгүй буюу тусгаарлалтад байсан хүмүүс вэ, тодорхой мэдээлэл өгнө үү?

 

-А.Амбасэлмаа: Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлууд нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал. Тодруулбал, гурван тусгаарлан ажиглах байранд байсан хүмүүсээс халдвар илэрсэн. Энэ нь зургаан гэр бүлийн хүмүүс байгаа бөгөөд гуравдахь шинжилгээгээр коронавирус илэрсэн. Өөрөөр хэлбэл, тусгаарлалтаас гадуур хүн амын дунд халдварын тохиолдол илрээгүй.  

 

-Д.Нарангэрэл: ДЭМБ-ын Ерөнхий захирлын хэлснээр, дэлхийд нэг хүн халдвартай байхад бүх хүн эрсдэлтэй. Тиймээс иргэн бүр хэзээ ч өвдөж болох тул өртөг багатай сэргийлэх арга хэмжээ буюу амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих, гараа савандаж угаах, битүү орчинд орохгүй байх, олон хүнтэй дэлгүүр, эмийн сангаар явахгүй байх зэргээр дэглэмээ барих хэрэгтэй. Гэр бүлүүд хуваарь гаргаж 14 хоногт нэг удаа хамгийн эрүүл, дархлаа сайтай хүнээр хүнсээ цуглуулах, эмийн сан явуулах зэргээр хувийн зохион байгуулалт хийснээр энэ өвчнийг хохирол багатай туулна.

 

-Сүүлийн 24 цагт нийслэл хотод халдварын тохиолдол маш өндөр тоогоор илэрлээ. ЭМЯ-наас хөл хорио сунгах эсэх асуудлаар УОК-т саналаа өгсөн үү?

 

-А.Амбасэлмаа: ЭМЯ-наас эрсдэлийн түвшинг үнэлсэн. Цаашид энэ үнэлгээнд үндэслэн УОК-т санал дүгнэлтээ хүргүүлнэ. 

 

-Д.Нарангэрэл: УОК-т саналаа мэдээж хүргүүлнэ. Ингэхдээ, ЭМЯ-ны тархвар судлалын зөвлөл, Эмнэлгийн тусламжийн зөвлөл, Эрдэмтдийн зөвлөлтэй хамтран эрсдэлийн үнэлгээнд суурилна.