Ихэнх нутгаар цаг агаар хүйтэн байна

Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн хэвээр байна.

2020 оны 12 дугаар сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцууллаа. Энэ сарын 16-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18, 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи 16,17-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 39-44 градус, өдөртөө 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.