Эмнэлгийн 40 гаруй ажилтан коронавирусээр халдварлаж 16 нь эдгэрчээ

Манай улсад төдийгүй дэлхий дахинд "COVID-19" халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан эрсдэлд орж буй юм.

 

 

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тус яамны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Одоогоор манай улсад нийт 40 гаруй эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсны 16 нь эдгэрсэн”-ийг мэдээлэв. Тэдний 80 гаруй хувь нь ажлын ачаалал их, хувийн хамгаалах хэрэгслийг тайлах үед болон халдвартай иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа халдварлажээ.

 

Дэлхий даяар коронавирусний халдвар тархсан нэг жил гаруй хугацаанд цар тахалтай нүүр тулж буй эрүүл мэндийн ажилчид ажлаасаа халшрах хам шинжид өртөж байна. Бүтэн жил гэр орон, үр хүүхдээсээ хол, ар гэртээ анхаарал тавихгүй байх зэргээс шалтгаалан эрүүл мэндийн байгууллагын ажилчид бухимдах, бие ядрах зэрэг шинж тэмдэг дэлхий дахинд болон манай улсад гарч байна. Үүнд АШУҮИС-ийн эрдэмтэн судлаачид судалгаа дүгнэлт хийж байгааг мөн тэрбээр дурдсан юм.