"COVID-19”-өөр нас барагсдын төрөл төрөгсөд нөхөн төлбөр шаарджээ

Италид коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүмүүсийн 500 орчим төрөл садан эрх баригчдаас 100 сая еврогийн нөхөн төлбөр олгохыг шаарджээ.

“COVID-19”-ийн улмаас нас барсан хүмүүсийн төрөл төрөгсөд Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте, Эрүүл мэндийн сайд Роберто Сперанза, Ломбарди мужийн захирагч Аттилио Фонтана нарын эсрэг лхагва гарагт Ромын шүүхэд иргэний нэхэмжлэл гаргажээ. Тэд эрх баригчдыг цар тахалд бэлэн байгаагүй, онцгой байдал зарлах хугацааг хойшлуулсан гэж буруутгасан байна.

 

Италид цар тахлын нөхцөл байдал аажмаар сайжирч эхэлж байна гэж тус улсын эмнэлгийн мэргэжилтнүүд мэдээлжээ. Гэсэн хэдий ч лхагва гаргийн байдлаар коронавирусний халдвар авсан нийт тохиолдол 1 сая 900 мянгаас давж, 69 842 хүн нас барсан байна.