Байгаль хамгаалагчдад зориулан 16 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа

Монгол Улс, ХБНГУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслөөс Хустай нурууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчид, судлаачдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор 746 м2 талбай бүхий хоёр давхар 16 айлын тохилог орон сууцыг барьж, ашиглалтад орууллаа.

Үүний үр дүнд Хустайн нурууны байгаль хамгаалагчид гэр бүл, үр хүүхэдтэйгээ тогтвор суурьшилтай, сэтгэл тайван ажиллаж, амьдрах орчин нөхцөлөөр бүрэн хангагдлаа. Ирэх дөрвөн жилд БОАЖЯ байгаль хамгаалагчдынхаа ажиллах нөхцөл болон нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх бодлого хэрэгжүүлэн ажиллахыг БОАЖЯ-аас мэдээллээ.