Баянзүрх дүүргийн 42 мянган иргэн коронавирусний шинжилгээ хийлгэжээ

Баянзүрх дүүрэгт энэ сарын 21-нд эхэлсэн коронавирусний ПГУ /PCR/-ын шинжилгээнд 42 мянга 153 иргэн хамрагдсан талаар Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэв.

 

Тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт “COVID-19”-ийн голомт үүссэнтэй холбогдуулан УОК-оос энэ сарын 21-30-нд дүүргийн 70-80 мянган иргэнийг шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн юм. Энэ дагуу Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисс, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн байранд шинжилгээ авч байна.

 

Шинжилгээний цэг тус бүрт төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн албан хаагч ажиллаж байгаа юм. Тус дүүргийн иргэдийг "COVID-19" илрүүлэх, тандах зорилгоор зохион байгуулж буй өргөтгөсөн шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахыг Нийслэлийн Онцгой комиссоос уриаллаа.