Б.Баатархүү: Сүхбаатарын талбайд өөрийгөө шатаасан иргэн Э шатахуун түгээх станцуудаар CD борлуулдаг байсан

Өнөөдөр 13 цаг 32 минутад Сүхбаатарын талбайд иргэн Э өөрийгөө шатааж амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарлаа. Энэ хэргийн талаар хэвлэлүүд түүнийг төмөр замд ажилладаг байсан гэх мэт мэдээллүүд гарч байна. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэлэхдээ, хувиараа CD зарж борлуулдаг байсан. Ямар шалтгааны улмаас өөрийгөө шатаах болсон хэргийг шалгаж байна гэлээ.

 

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:

-Болсон хэрэг явдлын талаар тодруулга өгөхгүй юу?

Энэ үйл явдлын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл гарч байна. Энэ хэргийг шалгаж байгаа мөрдөгч, холбогдох хүмүүсээс нь би сая тодрууллаа. Өглөө хэлж байснаар, биеэс нь гарсан бичиг баримтын дагуу 1987 онд төрсөн иргэн Э мөн. Чингэлтэй дүүрэгт амьдардаг, хувиараа CD зарж борлуулдаг байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдлоо.

-Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эхнэрээсээ 7 жилийн өмнө салсан, өмнө нь эрүүлжүүлэгдэж байсан гэх мэт мэдээлэл цацагдаад байна. Хувь хүний ийм нарийн мэдээлэл хаанаас гарч байгаа юм бэ? Амиа хорлосон учир шалтгаан нь юу байсан бэ? Ар гэрийнхэнтэй нь холбогдсон уу?

-Цагдаагийн байгууллагаас юун түрүүнд энэ хүн хэн байсныг олж тогтоолоо. Харин хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ хүн ийм, тийм ажил хийж байсан гэж мэдээлж байгаа нь худлаа байна. Тэгэхээр энэ хүн эрхэлсэн тодорхой ажилгүй, гар дээрээс наймаа эрхэлдэг байсан нь эхнээсээ тогтоогдож байна. Одоо энэ хэрэг дээр ажлын хэсэг гарсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, холбогдох гэрчүүд, ар гэрийнхнээс нь тодруулах, тухайн хүний хувийн байдлыг тогтоох зэрэг ажиллагааг явуулж байна. Бид энэ хэрэгтэй холбоотой баримтуудын талаар прокурорын зөвшөөрөлтэйгөөр мэдээлэх ёстой. Харин хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл явж байгаа учраас бид залруулах үүднээс энэ мэдээллийг хийж байна.

-Тухайн үед иргэнийг хоёр хүн дагаж байсан. Тэгээд шатаж эхлэхэд утсаараа бичлэг хийж эхэлсэн. Тухайн хоёр хүнийг саатуулсан уу? Ямар учиртай 2 хүн дагаж байсан юм бол?

-Тэр хоёр хүнээс яг одоо тайлбар мэдүүлэг авах ажлыг зохион байгуулж байна.

-Эрх бүхий албан байгууллагуудын, тухайлбал Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хяналтын камерын бичлэг хэвлэл, мэдээллээр цацагдаад байна. Энэ хууль зөрчсөн үйлдэл үү?

-Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хувьд ямар бичлэг гаргасныг би мэдэхгүй байна.

-Ардаас нь дагаад явж байсан хоёр хүн ямар холбоогүй гэдэг нь тогтоогдсон уу?

-Тухайн хүний маршрутыг тогтооход ганцаараа явж байсан. Ойр орчимд нь байсан иргэдээс тайлбар мэдүүлэг авах арга хэмжээг зохион байгуулж байна.

Та бүхэн нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй байна. Энэ бол хүний амь нас хохирсон хэрэг. Бид энэ хэргийг нарийн шалгана. Та бүхэн ч гэсэн хэвлэл, мэдээллийн ёсзүйн кодоо баримталж ажиллахыг хүсье.

-Энэ хүн өмнө нь жагсаал цуглаанд оролцож байсан, цалин мөнгөө авч чадаагүй асуудал байсан эсэхийг тогтоосон уу?

-Энэ хүн хувиараа CD зарж борлуулдаг, гэр бүлтэйгээ амьдардаг гэсэн мэдээлэл байна. Хэрэг гарснаас хойш дөрвөн цаг болж байна. Хэргийн баримтуудын талаар би дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байна.

 

 

Цагдаагийн албан хаагч Б.Даваажав: Тухайн иргэний амийг аврах юмсан гэдэг л бодол байсан. Харамсалтай нь чадсангүй.

-Тухайн үед юу болсон бэ мэдээлэл өгөөч. Цаг бол 12.30 минут болж байсан байх. Ямар ч байсан тухайн иргэний амь насыг аврахын төлөө ажилласан танд баярлалаа.

-Өнөөдөр талбай дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа талбайн баруун урд талаас хүн орилсон. Тэгээд харахад нэг сэжиг бүхий хүн надад харагдсан л даа. Тэгээд шалгах гээд яваад очиж байтал, тэр хүнд хоёр алхамын зайтай байхад л гал асаад эхэлсэн. Тэгээд чадахаараа галыг унтраах гэж хичээлээ. Тэгээд бас ойр байсан иргэд надад тусалсан. Тэгээд харамсалтай нь тэр хүний амь насыг аварч чадсангүй ээ. Надад бол маш их харамсалтай байна.

-Юу гэж хашгирч байсан бэ. Тухайн иргэн над руу хараарай гэж хашгирч байсан гэсэн мэдээлэл яваад байсан энэ үнэн үү?

-Мэдэхгүй ээ. Тэр талаар би сонсоогүй. Тэр талаар бас мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Тэр хүн шатаад бараг арван секунд л болох шиг болсон. Тэр үед л тэр хүн амь насаа шууд алдсан уу?

-Энэ бол маш хурдан хэдхэн секундын хооронд болсон. Тэрийг мэргэжлийн улсууд нь та нарт хэлэх байх

-Та тухайн үед яг юу бодож байсан бэ?

-Тэр хүний амь насыг аварчих юмсан. Ер нь албан үүргээ л гүйцэтгэчих юмсан гэж

-Тэр хүн нэлээд гараараа заагаад гүйж байх шиг байсан. Юу гэж хашгирч байсан бэ?

-За юм ер нь хэлээгүй дээ.