БНХАУ-д суралцах оюутныг тодорхой мэргэжлээр элсүүлэх боломжтой

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай хоёр орны хувьд боловсролын салбарын хамтын ажиллагаа хамгийн өргөн бөгөөд чухалд тооцогддог. Хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль, нэг цэцэрлэг барих ёстой. Үүний дөрөв нь ашиглалтад орсон бол энэ онд дөрвийг нь хүлээлгэж өгөх юм.

 

Энэхүү төсөл хэрэгжүүлснээр гурван ээлжээр хичээллэдэг байдлыг бүрэн халж байна. 2021 онд ашиглалтад орох барилгуудыг чанарын өндөр түвшинд, товлосон хугацаандаа хүлээлгэн өгнө гэж Элчин сайд хэллээ. Харин сургууль руу орох орц, гарцыг чөлөөлөх, усны хамгаалалтын далан барих асуудалд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэв.

 

Манай Улсын 10 мянга гаруй иргэн БНХАУ-д суралцаж байна. Цар тахлын улмаас оюутнуудад хилээр нэвтрэх, сургалтын төлбөртэй холбоотой бэрхшээл үүссэнийг шийдвэрлэж өгөхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Элчин сайдаас хүслээ. Мөн хамтын ажиллагааны хүрээнд нарийн мэргэжил, тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын тоог нэмэгдүүлэх, тэтгэлэгт хамрагдалтыг сайжруулах талаар санал солилцов. Хятадын тал тодорхой мэргэжлүүдийн жагсаалт гаргаж өгвөл оюутан элсүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжтой гэлээ. Цаашид гурвалсан гэрээ байгуулах байдлаар төгсөгчдийг ажлын байраар хангах чиглэлд хамтран ажиллах боломж байгааг мөн хөндөн ярилцлаа.

 

Хоёр орон өрсөлдөх чадвартай дээд боловсрол төслийг хамтран хэрэгжүүлж байна. Үүнээс гадна шинжлэх ухаан, инновацийн кластерийн төв байгуулж хүрээлэн хоорондын хамтын ажиллагааг сайжруулахаар ажиллаж байна. Боловсролын салбарын хөгжилд дэд бүтэц чухал үүрэг гүйцэтгэнэ. Барилга байгууламжаас эхлээд хамтын ажиллагаа үргэлжилж байгаа бол цар тахлын улмаас суралцах боломж нь хязгаарлагдаж байгаа багш сурагчдад цахим төхөөрөмж нийлүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэхийг сайд Л.Энх-Амгалан хүссэн юм. Харин ноён Элчин сайд Монголд хувийн зардлаар суралцаж байгаа Хятад оюутнууд цар тахлын үед ямар байдалтай сурч, амьдарч байгаа талаар нарийвчилсан мэдээлэл өгөхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдаас хүслээ гэж БШУЯ мэдээлэв.