Вакцинаас болж хүн нас барсан гэх ташаа мэдээ гарчээ

Вакцин тариулснаас болж хүн нас барсан гэх ташаа мэдээ олон нийтийн цахим сүлжээнд гараад буйг ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өнөөдөр мэдээлэв.

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулах ажил хэвийн явж байгааг ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлж, дээрх ташаа мэдээ тараасан хүнийг тодруулахаар ажиллаж буйг дурдав. Тэрбээр, "Одоогоор вакцин тариулснаас болж хүн нас барсан гэх мэдээлэл албан ёсоор батлагдаагүй. Цар тахлын үед хуурамч мэдээг санаатай болон санамсаргүй тараасан хүнд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болохыг анхааруулж байна. Тиймээс худал, ташаа мэдээнд автахгүй, албан ёсны эх сурвалжаас нягталсны үндсэн дээр цахим сүлжээнд бусадтай хуваалцаж байхыг хүсэж байна" хэмээв.