Н.Чадраабал: Цэц цэгцэрч чадаагүй байгууллага

“Шударга төрийн төлөө” ТББ-ын Тэргүүн, Монгол Улсын гавьяат хуульч Н.Чадраабалтай ярилцлаа.

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх тайлбар болон Цэц тойрсон асуудлууд хэвлэл мэдээллээр сүүлийн үед их гарах боллоо. Та олон жил хуулийн салбарт ажилласан хүний хувьд энэ асуудлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

 

- Нийгмийг бухимдуулж, хагаралдуулсан энэ сэдэв олны анхаарлын хүрээнд байна. Монгол төрийн нэр хүндийг бууруулж, төрийн тогтвортой байдлыг алдагдуулсан энэ байдлыг хараад учир мэддэг хүмүүс дуугүй суух арга алга. Уг нь би энэ сэдвээр өмнө нь ч ярилцлага өгч, сэтгэгдлээ илэрхийлж байсан. Монголын төрд шударга ёс тогтож, төр нь түвшин, түмэн нь амгалан байгаасай гэсэн зорилтын дор би 2007 оноос хойш “Шударга төрийн төлөө” нэртэй ТББ байгуулан ажиллаж байна. Бидний зорилго бол төр төмбөгөр, ёс ёмбогор байж, төрөлх газар шороон дээрээ ард түмэн маань эрх чөлөө, аз жаргалтай амьдраасай гэсэн сэтгэлийн үүднээс төр засгийн бодлого шийдвэртэй холбогдуулж, төрд дэмжлэг үзүүлэх зорилгын үүднээс энэ байгууллагыг ажиллуулдаг юм. Гэтэл сүүлийн үед дээдсүүд эрх мэдэл, ширээ сандлын төлөө тэмцэлдэж, Монгол Улс төргүй болж байгаа юм шиг хандлага харагдах боллоо. Ялангуяа Төрийн тэргүүнийхээ эрх мэдэлд халдаж, улмаар хууль, шударга ёсыг гажуудуулах нь хэвийн мэт үзэгдэл болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг албан тушаалтан улс орноо гадаад, дотоодод бүрэн төлөөлж, үндэсний эв нэгдлийг илэрхийлэх чиг үүрэг бүхий хамгийн өндөр түвшний албан хаагч. Энэ албан тушаалд монгол ээжийн охин, аавын хүү хэн ч очиж болох бөгөөд гагцхүү бүх ард түмний санал, сонголтын үндсэн дээр очиж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч гэдэг хууль ёсны баталгаагаар хангагдсан, тодорхой эрх дархаар хамгаалагдсан хүн байх учиртай. Гэтэл Ерөнхийлөгчөө тал бүрээс нь бүүрлэж, гүтгэлэг, хавчлага, шахалт үзүүлээд байгаа нь үнэхээр ёс бус үйл ажиллагаа. Би Х.Баттулга гэдэг хүнийг хамгаалаад байгаа юм биш. Монгол Улсын Төрийн тэргүүнийх нь хувьд энэ албан тушаалтныг ажлаа хэвийн явуулах бололцоог нь хангаж өгөөсэй, эрх мэдлийг нь бүрэн эдлүүлээсэй гэсэндээ энэ үгийг хэлж байгаа юм. Үндсэн хуулийн цэц Монгол Улсын төрийн тогтвортой байлгах, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын үйл ажиллагаанд дүгнэлт гаргах, ердийн хууль тогтоомжуудыг Үндсэн хуультай нийцүүлэх зэрэг өргөн эрх эдэлсэн байгууллага. Гэвч хэтэрхий улс төржиж, Төрийн тэргүүн рүүгээ элдэв шахалт үзүүлж, хэл аманд орооцолдуулаад байгаа нь шударга иргэн хэний ч болов сэтгэлд нийцэхгүй байна. Төрийн тэргүүн бол бүх ард түмнээс сонгогддог. Ийм учраас энэ хүнийг сонгох эсэхийг сонгогч олон мэдэх болохоос биш аль нэг нам, улс төрийн хүчин, хэн нэгэн эрх бүхий этгээд Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяаг шийдэхгүй. Гэтэл Ерөнхийлөгчийн эрх мэдэлд хууль тогтоох байгууллага болон ҮХЦ нэгдэж, илтэд халдаад эхэлсэн нь цаанаа улс төрийн захиалгат, төрийн ширээ сандал булаацалдан өрсөлдөгчөө “намнах” гэсэн үйл ажиллагаа гэдэг нь шууд харагдаж байна. Энэ нь Монголын төрийг муухай харагдуулна. Улмаар төрийг хүчгүйдүүлнэ, шударга ёсыг гажуудуулна. “Улс төржлөө” гэж юуг хэлээд байна вэ гэхээр хэрэв Ерөнхийлөгч олонхийн намын хүн байсан бол энэ асуудал яригдахгүй. Харин бүр Гончигдоржийн хэлээд байгаагаар сонгуулийг нь 2023 он болгож хойшлуулж ч мэдэх байх шүү. Ийм үйл ажиллагаа цаашид даамжирвал дараагийн сонгуулиар гарч ирсэн олонх Ерөнхийлөгчөөрөө оролддог жишиг тогтоно л доо. Ерөнхийлөгч дахин нэр дэвших үү гэдэг асуудал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Ерөнхийлөгчийн тухай хуулийг хэлэлцэж, батлагдахад огт яригдаж байгаагүй сэдэв. Энэ ингэж яригдах ч ёсгүй.

 

-ҮХЦ-д хандаж байсан Ерөнхийлөгч асан П.Очирбат гуайн кейс, одоогийн Ерөнхийлөгчийн кейсүүд ижил үү? Өөр үү?

 

-Нөхцөл нь яг адилхан. Яагаад гэхээр парламентын засаглал бүхий шинэ тогтолцоонд шилжсэн. Энэ завсар Ардын Их Хурлын Дарга гэдэг албан тушаалд П.Очирбат гуай ажиллаж байсан. 1992 онд Шинэ Үндсэн хууль мөрдөгдөж эхлэхээр бүрэн эрхийн хугацааны тухай яриа гарч болох байсан шүү дээ. Тэр үед ямар ч яриа гараагүй. Мөн П.Очирбат гуай Цэцийн гишүүнээр 70 гартлаа ажилласан байсан. Тэр жишгээр л Цэц асуудалд хандаж болохоос биш ижил асуудлаар П. Очирбат Ерөнхийлөгчид нэг шийдвэр, Х.Баттулгад өөр шийдвэр гаргавал энэ нь улайм цайм цэцийн гажуудал завхрал болно. Олонх нь төрийн эрх мэдэл авахаар өөрсдийн сэтгэл санааны хүсэлд нийцсэн хууль гаргаад байж болохгүй шүү дээ. ҮХЦ нь тодорхой нэг хүнд зориулсан шийдвэр гаргаж бүр ч болохгүй. Үүний цаана юу харагдаад байна гэхээр нөгөө л албан тушаалын төлөөх улайрал тэмцэл. Ингэснээр төрийн өндөр, дээд албан тушаалтнууд зөрчилдөж, үндэсний эв нэгдлийг алдагдуулснаараа түүхэнд үлдэх гажуудал болно.

 

-Яагаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад тухайн үед энэ асуудлаа тусгаагүй юм бол. Тусгасан бол ийм завхрал үүсэхгүй байсан уу?

 

- Хууль тогтоогчийн нэрийн өмнөөс би хариулж чадахгүй. Ямар ч байсан бүрэн шийдэж чадалгүй “нүх” гаргаж, үүн дээрээ дөрөөлж, энэ ажиллагаа явагдаж байна. Цэц, УИХ-ынхан үүнийг сайн нягтлахгүй бол маш том алдаа болно.  Үнэхээр Цэц нь улс төрийн хүчнээс шууд хамааралтай шийдвэр гаргах юм бол Ерөнхийлөгчийн албан тушаал тогтворгүй болно. Ерөнхийлөгч тогтвортой байж чадахгүй бол Монголын төр тэргүүнгүй болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн олон эрхийг хассан. Үндсэн хуулийг өөрчлөх журмын тухай хууль гэж 2010 онд батлагдсан хууль бий. Тэр хуулийн 8,9,10 дугаар зүйлүүдэд нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж болохгүй, УИХ-ын гишүүний тоо, хугацааг нэмж болохгүй, Засгийн газрын бүрэн эрхийг хязгаарлаж болохгүй, нэмж болохгүй, шүүх эрх мэдлийн байгууллагын хүрээнд халдаж болохгүй гээд хатуу заачихсан байсан. Мөн энэ хуульд Үндсэн хуулийн 3 дугаар зүйлээр баталгаажсан байсан төрийн эрх барих дээд байгууллагуудын тогтвортой ажиллах баталгааг хангасан байсан заалтуудыг 2017 онд батлагдсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль гэгчээр хассан. Үүнээс үндэслээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулсан заалтууд болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн заалтууд Үндсэн хуультайгаа зөрчилдөж эхэлсэн юм. 

 

-Цэц таны хэлж байгаагаар улс төрийн зорилгоор “намналт” хийлээ гэж байна. Ер нь  Цэц улс төрийн намаас хараат ажиллаж болдог юм уу? Та Цэцэд 9-10 удаа хандаж байсан хуульч хүний хувьд Цэц ер нь ажиллах ёстой хэм хэмжээ, зарчмынхаа хүрээнд ажиллаж байна уу?

 

-Цэц улс төржсөн байгууллага болсон гэдгийг өнгөрсөн он жилүүдэд би бүрэн ойлгож, мэдэрсэн. 1997 оноос хойш миний бие ҮХЦ-д 10 шахам удаа өргөдөл гаргаж, хандсан. Тухай бүрт нь Цэц эзэддээ үйлчилж, асуудлыг шийдэхгүй чирэгдүүлж байсан юм. Уг нь Цэц бол бие дааж, хараат бусаар ажиллах ёстой бөгөөд зөвхөн Үндсэн хуульд захирагдах ёстой байгууллага. Үүнийг Үндсэн хуульд өөрт нь Үндсэн хуулийн хэрэгжилтэд дээд хяналт тавих байгууллага нь ҮХЦ гээд заасан. Гэтэл Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал бүү хэл ердийн хууль зөрчиж байгаа асуудалд хүртэл Цэц орооцолдоод, захиалгаар үйлчилдэг боллоо гэж олон хуульчид шүүмжилдэг юм. Өнгөрсөн оны есдүгээр сард УИХ, Засгийн газрынхан хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, өөрсдөдөө өндөр цалин хангамж тогтоолоо гэж би ҮХЦ-д хандсан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдээгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурор, ХЭҮК, Төрийн албаны зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, Сонгуулийн Ерөнхий хороо зэрэг байгууллагуудын ажилтнууд УИХ, Засгийн газрын ажилтнуудтай адилхан ангилал зэрэглэлд байдаг учраас цалин нь адил түвшинд байх ёстой. Эндээс ялгаварлан гадуурхдаг, алагчлан үздэг байдал тод харагдаж, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн ашиг сонирхлын зөрчилтэй болох нь илэрхий байна.

 

-Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх процесс УИХ дээр өрнөснийг та хуульч  хүний хувьд хэрхэн дүгнэж байна.

 

-Эндээс ч хууль гажуудуулсан байдал харагддаг юм. Цэцийн гишүүнийг сонгож байгаа арга нь хэтэрхий итгэл үнэмшил муутай харагддаг. Энэ удаад Цэцийн хоёр гишүүн шүүх эрх мэдлийн байгууллагыг төлөөлж очих ёстой юм билээ. Гэтэл нэгийг нь дэмжээд, нөгөө гишүүнийг нь дутуу орхигдуулж байгаа нь Шүүхийн тухай багц хуультай ч холбоотой гэж үзэж байна.  Тухайлбал, Улсын дээд шүүхийн нийт гишүүдийн хурлыг гуравны хоёроос дээш ирцтэй бол хүчинтэй гэж үзнэ гэж заачихаад олонхийн санал авсан гэдгийг нийт 25 гишүүдийн тоонд хувааж үзээд өөрөөр хэлбэл хуралд оролцоогүй гишүүдийн саналыг олонхийн саналд оруулж тооцоод байгаа нь буруу. Мөн Дээд шүүхийн хуралдаанаар хэнийх нь оронд хэнийг томилох вэ гэдгийг тодорхой зааж өгөөгүй. Маргаан үүнээс үүдэлтэй. Ерөнхийлөгчийн хоригийн хувьд шударга ёсыг барьж, хуулиа зөв хэрэгжүүлээч ээ гэсэн санаа нь үндэслэлтэй.

 

-Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөгдсөн Ш.Цогтоо гишүүн Цэцийн Бага суудлын хуралдаанд оролцож байх хугацаанд нь  түүнийг чөлөөлснийг та хэрхэн харж байна?

 

-Би хэн нэгэн хүнийг өмөөрч, буруутгаж зөвтгөж чадахгүй. Гэвч болж байгаа үйл явдал талаас нь дүгнэвэл шүүн таслах үйл ажиллагаа тасралтгүй явах зарчимтай. Цэц бол шүүх шүү дээ. Тийм учраас процессын хуульд захирагдаж, тэр хүрээнд асуудлыг шийдэх ёстой. Цэцийн хуралдаан дуусаагүй байгаа тохиолдолд тэр хүнийг татаж авч байгаа бол үзэл бодлын шахалт, хавчилт гэж үзэж байна.

 

-Цэц нэгэнт гажуудалд орчихлоо гэж та үздэг юм байна. Харин одоо Шүүх тогтолцоо цаашид хараат бус ажиллаж чадах уу? Та Шүүхийн тухай хуульд орсон өөрчлөлтийг анхааралтай ажигласан байх.

 

-Эрх мэдэлтнүүд шүүхийг гартаа авчихсан. Шүүхэд шударга ёс тогтоож байгаа нэрээр эрх мэдэлтнүүд эзэрхийлж эхэллээ. Одоо бол шүүх нэг намынх болсон. Энэ асуудлаар би ҮХЦ-д ч хандсан, хэвлэл мэдээллээр ч олон удаа санал бодлоо илэрхийлсэн.

 

-Та ҮХЦ улс төрчдөөс хамааралтай, хууль тогтоох байгууллагын бодлого шийдвэр хэт нэг талын эрх ашгийг төлөөлдөг энэ бол тогтолцооны гажуудал гэж ярьсан. Энэ гажуудлыг засахын тулд яах ёстой вэ?

 

-Үнэхээр би ингэж бодож явдаг. Манай хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудад хяналт байхгүй. Хариуцлагын тогтолцоо бүрэн алдагдсан учраас шударга ёс зөрчигдөж, хууль дээдлэх зарчим гажуудаж, үндэсний эв нэгдэл зөрчилдөж, ард түмэн төрөлх газар шороон дээрээ эзний ёсоор амьдрах боломжгүй болоод байгаа юм. Хэрэв Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд заасанчлан Төр засгийн эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн зарчим хэрэгждэг байсан бол өнөөдрийн энэ бусармаг байдал гарахгүй байсан. Тийм учраас албан тушаалтнууд болон төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт, хариуцлагын тогтолцоог зайлшгүй бүрдүүлж өгөх шаардлагатай. Үүний тулд хоёр танхимтай парламенттай байж, өөрсдийгөө “хууль” гэж боддог хүмүүст хуулийн хүрээнд даруулга өгч, хариуцлага тооцох ёстой гэж би бодож явдаг.

 

- Эцэст нь Та  Үндсэн Хуулийн Цэц болон Шүүхийн тухай асуудлаар  нэгтгэн дүгнэж хэлээч гэвэл юу гэх вэ.

 

- Би чөмгөө дундартал монгол төрийн төлөө зүтгэсэн хүний хувьд өөрийн бодолтой явдаг. Монголын хуулийг 50 жил эргүүлж төрийн хэргийг хөтлөх чадвар эзэмшиж төр засгийн бодлого зорилго зохион байгуулалтын үйл ажиллагааг мэдэрсэн нэгэн учраас санал бодлоо хэлье л дээ. Ер нь аль ч ажлыг хүн л хийж гүйцэтгэдэг болохоор тухайн албаны үр дүнг хүнтэй л холбож тооцно шүү дээ. Энэ нийгмийн төлөө сэтгэл зүрхээ чилээж төр түшилцэж явдаг эрүүл саруул ухаантай хүмүүс “Цэцийг цэгцлэх цаг” болсон гэдгийг ил тод ярьцгааж байгаа. Би ч энэ шаардлагыг ойлгож дэмждэг юм. Яагаад гэвэл би Цэцтэй хамтарч “Үндсэн хууль”-ийг маналцах иргэнлэг сэтгэлгээнд хөтлөгдөн 1997 оноос хойш олон удаа хандсан боловч тухай бүрт нь хад мөргөж байсан тул энэ байгууллага хүмүүсийн тарийг бүрэн таньсан юм. Цэц гэдэг эрхэмсэг нэртэй өндөр сэнтийд залран суучихаад Монголын ард түмний оюуны хамтын үнэт бүтээл /төр иргэн хоёрын дунд байгуулсан дээд хүчинтэй гэрээ болох/,”Үндсэн хууль”-иа хамгаалж зөв хэрэгжүүлж чадахгүй байгаа энэ бүтцийг өөрчлөн шинэчилэх шаардлага байгаа юм. Цэцийн үйл ажиллагаа захиалгат хэлбэрт бүрэн шилжиж өөрсдөө Үндсэн хуулин дээрээ гишгэдэг. Гишүүд нь улс төрийн шалгуураар томилж чөлөөлөгддөг. Эрх баригчдын таалалд нийцсэн зарим нэг хүмүүсээ  20 гаруй жил  ажиллуулж болдог, хянан хэлэлцэж буй ижил маргааныг өөр өөрөөр шийдвэрлэдэг, иргэдийн мэдээллийг аваад хариу өгдөггүй, маргаан үүсгэчихээд шийдвэрлэхгүй дарж бугшуулдаг. Нотлох баримтыг бүрдүүлэх, үнэлэх,хууль хэрэглэх чадвар бүрэн эзэмшээгүй байж цэцэрхэн мэдэмхийрч суудаг хүмүүсээр төрийн жолоо залуулах нь яавч сайн үр дүнд хүрэхгүй. Хэрэв манай эрхэм Цэцчүүд миний дүгнэлттэй маргалдмаар байвал надад хангалттай баримтууд бий. Харин шүүхийн тухайд бол би өмнө нь олон удаа байр сууриа илэрхийлж байсан тул ганцхан өгүүлбэрээр саналаа илэрхийлье гэвэл: Шүүх засаглал бие дааж хараат бусаар ажиллах чадвараа бүрэн алдаж ёстой л өнөөх чонын амнаас гараад барын аманд очлоо гэгч л болсон доо хөөрхий. Тэгэхээр үнэнд итгэж шударга ёсонд найдаж явдаг хүмүүст өнөөдөр тэнгэр хол газар хатуу болсон шүү дээ.

Б.Бат