Л.Цандэлэг: Тариан талбай найгаад л, шаргиад л, олон комбайн нүргэлээд л... Яаж дурлахгүй байх юм бэ? « Өмнөх Л.Цандэлэг: Тариан талбай найгаад л, шаргиад л, олон комбайн нүргэлээд л... Яаж дурлахгүй байх юм бэ?

Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг манай өнөөдрийн зочин. Түүнтэй уулзахаар бид Сэлэнгэ аймгийн Хүдэр сумыг зорин очиж ярилцсан юм. Ургац хураалт талаасаа дөнгөж хэвийж байтал нь цас орж сандаргасан хэцүүхэн өдрүүдээр бидний уулзалт тохиох нь тэр. Эндээс зорихдоо тээж очсон шуугисан тариан дунд л шуугиж очно доо гэсэн бодол минь ч талаар болов. Тариа найгаагүй, харин цасан бүрхүүл дуниартан цайвалзаж, зарим үед ус цас туучин гулгаж тэшиж сандаргах нь тэр. Дархан хот дөнгөж өнгөрөөд л байгаа гэж төсөөлсөн будлиу төсөөлөл маань ч будаа. Гэхдээ л аялал маань бүхэлдээ сонирхолтой байсныг хэлэх ёстой. Монголын минь ганган намар гадаа ирээд буучихсан, өнгө зүс, ааш авираа дэлгэж нэг, хумиж нэг гэгэлзүүлсэн тэр ер бусын бүхнийг буулгахад зургийн аппарат үүргээ биелүүлэх ч бичгийн авьяас дулимагдаад би жаахан сандарч байгааг гярхай уншигч та ойлгож байгаа болов уу. Юутай ч эрхэм уншигч та эрсдэл, эр зоригийн туйл манай хөгжилтэй зочин Л.Цандэлэг ноёнтонтой хамт инээж, хамт гуниж энэ хормыг эдлээд үз. Дараа нь дахин бүгдээрээ уулзацгаая.

-Өмнө нь тантай ширүүхэн тэмцлийн үед уулзаж байлаа. Харин өнөөдөр тариагаа цасанд даруулчих гээд тэвдүүхэн сууж байх юм. Таны амьдрал эрсдлээр дүүрэн, үргэлж ийм сонирхолтой байдаг юм уу?

-Хөгжилтэй асуулт байна. Тэр үед нээрээ бөөн тэмцэл байсан шүү.

-Ид ажлын цагаар, тариа хураалтын үед талбар дээр нь ирээд ярилцах сайхан байна. Ургац хураалт тань хэдэн хувьтай явж байна вэ?

-За, даа 60 орчим хувьтай л явж байна.

-Цас дарчихлаа гэхээр сэтгэл түгшиж л байна. Саяны цас хэр их орчихсон бэ?

-Овоо дарчихлаа шүү. Өнөөдрөөс байдал арай дээрдэх нь үү гэтэл бас сайн хайлаагүй л байна.

-Сүүлийн хэдэн жил танай тариаланчид салбарын сайдтайгаа ойлголцохгүй хэцүүхэн үеийг тууллаа. Сая Ерөнхий сайд тариаланчидтай уулзсан. Салбарын шинэ сайдынх нь талаар сайн мэдэхгүй юм. Ямархуу нөхөр ирэв. Ойлголцол, хамтын ажиллагааны шинэ төвшин тогтох шинж байна уу?

-Энэ  П.Сэргэлэн сайд өөрөө тариа тарьж байсан. Миний мэдэхийн тав зургаан жилийн өмнө будаагаа тушаах гээд гурилын үйлдвэрийн үүдэнд өөрөө ирчихсэн байж байхыг нь би харж байсан. Нэгдүгээрт, энэ салбарыг мэддэг, зовлонг нь үзсэн хүн юм. Хоёрдугаарт, залуу хүн юм. Өөр л дөө. Бас л амаргүй нөхцөл байдалд ажил үүрэг хүлээж аваад ажиллаж байна. Энэ жил нөгөө гурилынхан маань бас л амаргүй үнэ хэлсэн шүү дээ. 350-400 мянга гээд. Будааны өөрийн өртөг нь 450 мянган төгрөг байж байхад өртгөөс нь доогуур авна гэж байна. Чимээгүй байж байгаад яг будаа хураагаад  эхлэнгүүт ийм үнэ тулгаж байгаа юм. Эд ард түмэнд хямдхан гурил идүүлэх гэж ингэж байгаа юм биш. Хэзээ ч тэгдэггүй, тийм байгаагүй. Тэгж чаддаггүй л байхгүй юу даа. Бид нар 550-560 мянгаар хоёр гурван жил өгсөн. Тэгээд нэгдүгээр гурилыг ард түмэнд 850 мянгаар өгье өө гэж тохирсон.

-Мэдэхгүй л үнэ байна.

-Ашгаа л нэмээд байдаг. Дээд, дээдийн дээд гээд дээшээ л зардаг.  Бид тээврийн зардлаа, хорогдлоо хасаад гар дээрээ 400 мянгаар авдаг. Тэрийгээ бас бэлэн авдаггүй. Гурилын үйлдвэрүүд 20-30 хувийг нь өгч амсуулаад л бүтэн жил өгөхгүй зовоочихдог. Тэгээд л нэг удаа таван сая, нэг удаа гурван сая гээд гуйлга гуйж байгаа юм шиг цувуулаад л авна. Энэ хооронд банкууд нь зээлийнхээ хүүг төлөөчээ гээд л дарамталчихна. Очоод л гурилын үйлдвэрээс мөнгөө гуйхаар хэд гурваар нь амсуулж байгаа юм шиг аяглаад л зовоож өгнө. Энэ бүх хэцүү харилцаа нүүрлэчихсэн, хүндхэн нөхцөл байдал дээр шинэ Засгийн газар гарч ирээд ажиллаж байна л даа. Бид үнэхээр хүнд нөхцөл байдалд л байгаа. Аргаа бараад, бас ойлгуулж таниулах үүднээс би УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт мессеж бичсэн юм. Салбарын шинэ сайдтай холбооны залуучуудаа дагуулаад гурав дөрвөн удаа очиж уулзсан. Сайхан хүлээж авсан. Ер нь 300 мянган хүний амьдрал ахуй шууд хамааралтай салбар байхгүй юу, энэ газар тариалан чинь. Энэ улсуудаа бодох юм уу, гурав дөрөвхөн монополь үйлдвэрийн эздийг баяжуулахын төлөө ажиллах юм уу. Энэ асуултыг л бид тавьсан. Хамаагүй бид энэ жил будаагаа тэр 350-д чинь өгье. Тэгвэл та нар нэгдүгээр гурилаа ард түмэнд 500-гаар зарж чадах уу гэхэд тэд “үгүй” л гэж байгаа байхгүй юу даа. Тэгээд та нар яах гээд байгаа юм бэ гэхээр гөжөөд байдаг. Ийм л маргаан гурил үйлдвэрлэгчид тариаланчид бид нарын дунд болж байгаа. Энэ үл ойлголцлыг сайд, дарга нар сайн ойлгож байгаа. Тэгээд улс худалдан авалтанд оролцоод, үнийг 560 дээрээ бас тогтоогоод, дээрээс нь хадгалах саваа зээлээр өгөх мэтээр дэмжиж ажиллах шийдэлд хүрсэн. Бид савгүй юм чинь. Угаасаа эдийн засаг муу байхад бид бие биенээ дэмжсэн бодлого хийхгүйгээр яаж ард нь гарах юм бэ. Ингээд ажил овоо нааштай л байна. Урьдчилгаа үнийн 40 хувийг нь бас оноос (2017) өмнө өгье гэх мэтээр сайн яриа хэлцлүүд болж байна. Ер нь бол улс будаагаа аваад буцаагаад л тендер зарлачих хэрэгтэй ш дээ. Ард түмэн заавал “Алтан тариа”, “Улаанбаатар” үйлдвэрүүдийн гурилыг идье гээгүй  ш дээ. Өнөөдөр монголчууд жилд 250 мянга тонн гурил иддэг байхад гурилын үйлдвэрүүдийн тоо замаа алдсан. Гурилын үйлдвэр ашигтай болохоор барьсаар байгаа нь тэр. Сая Дарханд гэхэд хоногт 150 мянган тонн гурил үйлдвэрлэдэг “Дархан гурил” гэж үйлдвэр ашиглалтад орлоо ш дээ. Тэгэхээр энэ олон гурилын үйлдвэрүүд юугаа тээрэмдэх гээд байгаа юм. Энэн дээр нь яам бодлого хийгээд “За, ард түмэнд гурилыг 850-иар өгч чадах үйлдвэр нь энэ будааг ав” гээд л өгчихөд болоо байхгүй юу.

-Гурил үйлдвэрлэгчид бас өөрсдийн байр суурийг хэлдэг. Тариаланчид даварч байнаа. Эд нар будаандаа урамшуулал авдаг. Тэгээд бараг зүгээр хэвтэж байхад нь тариа нь суга суга ургачихдаг гэх маягийн шүүмжлэл явдаг. Дээр нь дотоодын будааны чанар муу гэдэг сурталчилгааг өнгөрсөн хоёр гурван жил бол нэлээн сайн хийх шиг болсон. Та нар чинь бас давхар импортын будаатай өрсөлддөг улсууд шүү дээ. Энэ зөрчилтэй ойлголтууд дээр таны юу ярих надад сонин байна.

-Энийг юу гэж нэрлэдийг мэдэх үү. Миална гэж ярьдаг ш дээ. (инээв) Миалж л байгаа ёр нь байхгүй юу. Тэр жил чинь бүр буузны реклам хүртэл хийж цацсан ш дээ. Монголын тариаланчдын будаагаар ийм гурил хийдэг юм гээд. Буузны ул нь уначихдаг нэг сурталчилгаа явуулсан даа. Тариаланчдынхаа эсрэг салбарын сайдынх нь (Р.Бурмаа) явуулж байгаа зүйл. Яг нарийндаа тэр жил Оросоос будаа аваагүй. Бид нарын будааг л идсэн. Зүгээр л байсан ш дээ. Одоо энэ жил будаа маш сайн байна. Цавуулаг 27-28 хувьтай. Бас хэт цавуулаг өндөртэй будаагаар чинь талх хийж бас болдоггүй юм шүү дээ.



-Салбарын сайд нь тариаланч­дынхаа эсрэг байх нь их л зовлонтой явдал юм билээ. Хэрэглэгчид энэ дунд их хэцүү байсан.

-Ерөөсөө л Р.Бурмаа гэдэг хүний бодлого нийтдээ Монголын газар тариаланг бол сөхрүүлсэн. Одоо хүртэл гай нь дуусаагүй байна шүү дээ. Ахиад нэг юм гарч ирж байна. 200-аад мянган тонн импортын будааны квот зарчихсан байна. Өнөөдөр юу ч нууц биш. 1000 тонн импортын будааны квотыг хоорондоо 20 сая төгрөгөөр зарж байна ш дээ. Ийм аймаар юм хийчихээд явчихсан. Энийг нь тэр АТГ шалгах хэрэгтэй. Юм үнэн байгаасай. Ерөөсөө хүний мууг үзэх тухай яриа энэ биш юм.

-Манайхан дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангах хүчин чадалгүй юм уу. Импортын будааны асуудал байнга босч ирж байх юм?

-Байгаа. Бид яагаад талбай дээр гарч тэмцсэн юм бэ. Үйлээ үзэж ургуулаад 500-гаад мянган тонн улаан буудай авчихсан байхад тэр жил Бурмаа импортын будааны зөвшөөрлийг өгсөн шүү дээ. Тэр жил бид нар га-гаас 17,6 центр авчихсан байж байгаа юм ш дээ. Ингээд л баллачихсан. Валютын ханш яав. Тийм хүнд үед 150-иад сая доллар будаанд гаргачихсан шүү дээ. Тэгээд л валют өсчихсөн. Ингэж дотоодын үйлдвэрлэл, энэ олон хүмүүсийн амьдралыг үрж болох уу. Өнөөдөр амьдрал хүнд, хэцүү байх тусмаа  өөрсдөө юмаа хийж, бүтээж, өөрсдийгөө тэжээх ёстой шүү дээ.  Энэ чинь монгол хүний бүтээл шүү дээ. Бид будаагаа тариад, гурилаа хийгээд, талхаа хийгээд явж байна. Энэ үйлдвэрлэлийг тэр чигт нь дампууруулж болохгүй байхгүй юу. Тэгээд ядаж байхад ган болсон. Дээрээс нь "Р.Бурмаагийн ган" гэж тариаланчид яриад байгаа юм. Гурван жил бид нар Р.Бурмаа, "Таван Богд"-ын Ц.Баатарсайхан эд нарын ганд дарлуулаад л ирлээ. Импортын будаанд нь. Тэгээд тэр оруулж ирсэн будаа нь чанаргүй. Өт хорхойтой. Мэргэжлийн хяналт дээр очоод л чанар нь илэрсэн. Бичиг цаас нь одоо хүртэл бид нарт байгаа ш дээ. Ямар муу будаа орж ирсэн гэж бодож байна. Тэгээд л гурил хийгээд л ард түмэнд шахчихаж л байгаа байхгүй юу. Ийм эрээ цээргүй, дэндүү мөнгө бодсон хэдхэн монополь улсуудыг даврааж, тэд нартай нийлж хуйвалдаж, үндэснийхээ тариаланчдыг гишгэлж болохгүй биз дээ.

Ийм л юм. Одоо шинэ Засгийн газар ядарч байгаа эдийн засгаа өөрсдийнхөө тариаланчидтай хамтарч дэмжье, босгоё гэж байна. Монголчууд будаагаа экспортлоё л доо.  Одоо 150 мянган тонн будаа илүү байна ш дээ. Гоё сонсогдож байгаа биз дээ. Юун импортоор авах.Хятад руу гаргая л даа. Хятадууд авъя л гээд байгаа. 1100-гаар авъя гэж байна. Хоёр дахин илүү үнээр авъя гэж хятадууд санал тавиад байна шүү дээ. Зөвхөн Монголын будааг бол авъя гэж байгаа. Манай будаа ийм үнэтэй байхгүй юу. Өөрсдөө хийж чадаж байгаа салбаруудаа дэмжээд л ингээд явах юм бол бидэнд боломжууд зөндөө байна. Наад зах нь дотооддоо ажлын байртай. Өнөөдөр нэг тариаланчийн ард таван хүн байна шүү дээ. Эд нарыгаа бас хоолтой ундтай, цалинтай байлгах гэж л зүтгэж байна ш дээ. Үүний төлөө л би 20 гаруй жил шороо долоож явна.

-Та бол олон төрлийн бизнестэй байсан хүн. Банкны хувьцаагаа гэхэд зарчихаж байсныг санах юм. Яагаад заавал ийм хүнд хүчир бизнесээ авч үлдсэн юм.

-Энэ уг нь хамгийн гоё ажил. Арвай буудай тарих чинь их буянтай ажил юм ш дээ. Хүн зоноо хооллоно. Тэр дээр үеийн дөчин хэдэн оны дайны үед манай өвөө ярьж өгч байсан юм. Бүгдээрээ дайны хэцүү үед даллаганыхаа уутнуудын будааг бүгдээрээ нийлүүлж тарьж байсан гэж. Хүн ерөөсөө дан мах идэхээрээ галзуурдаг гэж байна ш дээ. Баруун аймагт даллаганыхаа уутнуудын будааг нийлүүлж тариа тариад тэр өлсгөлөнгийн жилүүдийг давж байсан гэдэг. Будааг яагаад стратегийн бүтээгдэхүүн гэдэг юм. Улаан буудай 100 жил болсон ч соёолдог байхгүй юу. Тэрүүгээрээ үнэхээр онцлог. Тэгээд монголчууд яагаад даллаганыхаа уутанд халтар арвай хийдэг юм. Энэ чинь бүгд их учиртай юм. Дээр нь манай энэ Хүдэрийн байгаль нь дэндүү сайхан, ард олон нь сайхан, хөдөлмөрч зон олон л доо. Энэ олон түмэнтэй хорь гаруй жил хамт явлаа. Ажилчидтайгаа бүр ах дүү шиг болчихож дээ, бид. Энэ хэд маань нүдэнд харагдаад л, би л ирэхгүй бол, би л ирж цалин тавихгүй бол, би л эндээ тариагаа тарихгүй бол  энэ хэд маань баларчихаж байгаа юм шиг санаж зүтгэдэг. Хэцүү юу гэвэл хэцүү ажил. Би бүр тариагаа цасанд даруулчихаад авч чадахгүй, хавар хайлсных нь дараа хурааж байлаа ш дээ. Юу эсийг үзэж туулах билээ. Гэхдээ л энэ миний зүрх сэтгэлийг чангааж байдаг, энэ дотор минь соёолж байдаг зүйл. Миний хайр, хичээл зүтгэл, сэтгэл бүгд энд шингэсэн. Зөндөө л юм үзлээ. Банкны зээлээр уринш хийнэ. Та нар бас бодох хэрэгтэй. 12 сарын банкны хүү доод тал нь гурван хувийн хүүтэй. Тэгээд 36-39 хувийг нь зөвхөн хүүнд өгчихнө. Дээрээс нь ингэж олж авсан зээлээрээ хавар нь тариалаад, за, бороо ороосой гээд залбираад байна. Бороо ороод соёолчихвол долоон сарын нар гайгүй байгаасай. Найман сарын нар битгий шатаачихаасай. Битгий ган болчихоосой гээд л залбираад байна. Тэгж байтал намаршаад ирэнгүүт за, цас битгий дарчихаасай билээ гээд л. Болц нь болоогүй байхад цас дарчихвал тэгээд л сүйрээ. Ингэж үйлээ үзэж үзэж хурааж авсан будаагаа гурилынханд аваачиж өгч миалуулаад л. Үнийг нь буулгуулаад л. Энэ дунд бас нэг сонин тогтолцоо явдаг. Өнөөдөр та бүхнийг талх, гурилаа авахад гэрт чинь хүргэж өгдөггүй биз дээ. Бид будаагаа өөрсдөө аваачиж өгдөг юм ш дээ. Бид өөрсдөө машинд будаагаа ачаад гурилын үйлдвэрийн хашаанд аваачиж өгдөг. Тэгээд л нөгөөдүүл чинь миалаад л, дээрээс нь үйлдвэр болгоны лаборатори өөр дүн гаргана. Мэргэжлийн хяналт нь өөр дүн гаргана. Мэргэжлийн хяналт нь үзэж шалгаад энэ сайн будаа байна гээд дүн гаргахаар гурилын үйлдвэрүүд нь энэ муу будаа гэж гаргана. Тэгвэл больчихгүй юу гэнэ. Тэр мэргэжлийн хяналтдаа будаагаа өг л дөө гэж загнана. Өнөөдөр Монголд бүх юм ийм л стандартгүй, ийм л дур зоргоороо байна ш дээ. Гэвч энэ бүхэнд нэгэнт зүрх сэтгэлээ өгчээ. Даанч сайхан. Намар тариан талбай тэр чигээрээ найгаад л, шаргиад л, олон комбайн яваад л, нүргэлээд л...Үнэхээр дурлахгүй байхын аргагүй. Хөлс хүчээ шингээж тарьсан будаагаа хураагаад л, будаа буугаад л... үнэхээр гоё. Энэ чинь ургадаг алт байхгүй юу. Бид зөвхөн газар доорх алтаа тойроод л хэрэлдээд байна. Энэ бол газар дээрх алт. Энэ жил монголчууд 350 мянган тонн гурил иднэ. Дээрээс нь ахиад 150 мянган тонн будаа илүү гарахаар байна.

-Дарамттай, байнгын сэтгэлийн түгшүүр дор, байгалийн аяг аашны аясаар байдаг ч сайхан ажил юм даа.

-Дэндүү сайхан. Бид нар чинь тэгээд байнга тэнгэр бурхандаа залбирч, сүүгээ өргөж байдаг улс. Хэдэн тариаланчдын маань амны хишиг түшиж энэ жил гайгүй гарчих төлөвтэй байна.

-Та нэг талд салбарын сайдтай тэмцэл өрнүүлж дуусаагүй явж байхдаа л нөгөө талд намынхаа даргатай “дайн” зарлачихсан. Асуудал арай өөрт нь байдаг юм биш байгаа. Яахаараа үргэлж тэмцэлдэж байдаг нөхөр вэ гэх бодол бас төрснийг нуух юун. Нам дээр чухам юу болсон бэ. Таныг бүр хөөчихсөн үү?

-Манай АН-ын Сэлэнгийн анхан дунд шатны байгууллагууд хуралдаад “Л.Цандэлэг судалгаагаар энэ бүс нутагт өндөр рейтингтэй байнаа, энэ хүн нэр дэвших боломжтой” гээд гаргаад ирлээ. Тэгсэн төв дээр ҮЗХ-ны хурал гэж нэг юм болсон чинь шууд тэр хурал дээр миний оронд дуучин Л.Эрдэнэтунгалаг гэдэг огт хаа хамаагүй хүний нэр гараад ирсэн. Тэгээд би хэлсэн.

Та нар боль л доо. Очоод тэр судалгаагаа үз л дээ. Энэ намд чинь нэг суудал хэрэггүй юм уу гэсэн. Хариу нь их сонин. “Өө тэр хамаагүй, бид тохирсон” гэж байгаа юм. Тэгээд би намынхаа даргыг жаахан шүүмжилсэн. Та нар буруу юм хийгээд байнаа. Та нар намынхаа анхан шатны, дунд шатны үгийг сонсохгүй байна. Намынхаа эгэл жирийн гишүүдийн шийдвэрийг хүндлэхгүй бүх зүйлийг тохироо наймаагаар хийж байна” гээд шүүмжилсэн чинь намайг намаас маань хөөчихсөн. (инээв) Хөөсөн З.Энхболд дарга маань бас намын хууль ёсны дарга биш шүү дээ. Өөрөө намын их хурлаар дарга болоогүй. Намын дарга хүн чинь сонгогдох ёстой. Гэтэл манай тэр даргыг зүгээр л ҮЗХ гэдэг хэдэн улс гараа өргөөд л, хуйвалдаад сонгочихсон байхгүй юу. Тэгээд яахав тэр дарга маань зургаан хүн хөөсөн. Таван хүн нь яалт ч үгүй, намын эсрэг сонгуульд явчихсан юм билээ л дээ. Бие дааж яваад намаа унагаачихсан. Би бол зүгээр л намын даргаа шүүмжилсэн. Хэдэн нөхөр сууж байгаад л гишүүдийнхээ өмнөөс шийдвэр гаргаж байдаг. Би авгайгаа дэвшүүлнэ гэхээр нөгөөх нь би тэгвэл нууц амрагаа дэвшүүлнэ гээд л асуудлыг үзэмжээр, хуйвалдаанаар, шударга биш зарчмаар шийдэж байгааг л би шүүмжилсэн, эсэргүүцсэн. Манай нам дотор чинь гоё гоё юм их болноо. Ярихад ч ичмээр. Сүүлдээ ой гутаж байгаа юм чинь. Тэгээд тэрийг нь хэлсэн хүнийг хөөдөг. Тэгээд өөрсдөө унаж байгаа биз дээ. Би бүр сонгуулийн өмнө МАН далан суудал авнаа гэж хэлсэн. Би М.Энхболд даргад хэлж байсан. Танайх сайн ажиллавал бүр далан суудал авна шүү гэж. 65-ыг аваа биз дээ. Манай намынхан нийгмийн тандалтыг маш буруу аваад байгаа юм. Би чинь яг энэ хөрсөн дээрээ, хүмүүсийн дунд байж байгаа хүн чинь мэднэ ш дээ. Хүн болгон манай намыг шүүмжилж байсан. Уулзахаас халширмаар, ялангуяа энэ газар тариалангийн бүс нутгуудаар. Танай нам даанч дээ л гээд байсан. Хэлэхээр нөгөө том толгойтой нөхдүүд нь сонсдоггүй. Хатуухан хэлбэл хөөчихдөг. Ард түмэн хэлээд л байсан. Ард түмэн тэнэг биш шүү дээ. Хэдий болтол энэ ард түмнийг тэнэг гэж бодох гээд байгаа юм бэ. Тэгээд ард түмэн бухимдаад сонголтыг бол аймаар хийж харууллаа ш дээ. Бүр ёг хийтэл хийлээ ш дээ.

-Та намын гишүүнчлэлээ сэргээх үү. Одоо АН дотор өөрчлөлт шинэчлэлт явагдана шүү дээ. Эсвэл ямар ч улстөргүй ингээд явахыг бодож байна уу?

-Энэ нам шинэчлэгдэхгүй.

-Яагаад?

-Энэ намыг чинь хувьчлаад авчихсан улсууд байгаа ш дээ. Тэд нар чинь өгөхгүй ш дээ. (инээв) Хувьцаагаа ч зарахгүй байна ш дээ. Тэгэхээр энэ нам бүр ингээд дампуурах хэрэгтэй. Энэ намууд үнэхээр худлаа юм байна. Энэ янзаараа бол тэдэнд тийм ч их насжилт байхгүй гэж би хардаг. Тэр дундаа энэ Ардчилсан нам. Бүр дороосоо л шинэчлэлийн шинэ давалгаа гарч ирдэг юм биш бол дээр байгаа энэ хэдэн юмнуудаас юу ч хүлээх хэрэггүй. Намын дансанд тушаа гэж байгаад 20 сая төгрөг тушаалгачихаж байгаа юм. Одоо нөгөө мөнгөө авъя аа гэхээр “Юу яриад байгаа юм, чиний мөнгийг нам ашиглачихсан” гээд өгөхгүй байна ш дээ. (инээв) Ёстой элэг авнаа. Хөөнө, тэгээд мөнгийг нь авна. Ёо ёо элэг чинь хөших гээд байх шиг байна, болъё доо. Үнэхээр хошин, эмгэнэлтэй нам болчихсон шүү дээ. Авахдаа өнөөдрийн дотор дансанд хий гэсээр байгаад хийлгэж байгаа юм. Одоо болохоор “Мэдэхгүй, намын дарга алга болчихсон. Мөнгө чинь алга болсон” гэнээ. Гоё байгаа биз. Манай нам нээрээ бүтэхгүй ээ. (инээв) За, яахав яахав.



-Хэсэг завсарлахаас өөр аргагүй боллоо. Та нээрээ үнэхээр хөгжилтэй хүн юм аа. Хөөгдчихсөн атлаа “Манай нам нээрээ бүтэхгүй ээ” гэж ярих....

-Үгүй яахав дээ, хүний нам нээрээ хөгийн шүү гэлтэй биш дээ. Ганаа, энэ чинь хүний бас үнэт зүйл байхгүй юу даа. Хорин жил сайн муу ч гэсэн энэ намын гишүүн явсан, сэтгэл зүрхээрээ эгэл жирийн гишүүдтэйгээ хамт явчихсан хүн шүү дээ. ҮЗХ-ны гишүүн нь байсан. Ерөнхийлөгчийн сонгуульд гэхэд Завхан аймгийг хариуцсан менежер хүртэл хийж явлаа. Би чинь бас намын ажлыг их хийж явсан хүн шүү дээ. Дээрээс нь өнөө үйлээ үзэж олдог хэдэн төгрөгөө цацаад л энэ намыг л нэг аятайхан явуулчих гэж хориод жил зүтгэсэн л нэг гишүүн нь ш дээ. Арай ч энэ улс орон нэг намын бодлого шийдвэрээр ингэж явж болохгүй гээд л, МАН-ын эсрэг бас л үзэж явлаа ш дээ. Тэгж зүтгэж ирсэн мянга мянган гишүүдийнхээ толгой дээр хэдэн задарчихсан юмнууд насаар нь зайдагнаад л, тэр сайхан үнэт зүйл, тэр сайхан эрхэм зорилго, мөрөөдлийг нь үгүй хийчихлээ ш дээ.

-Одоо бас дотроосоо шинэчлэл хийнэ гээд л явцгааж байна. Тэдгээр залуусыг яаж харж байна?

-Бүтэхгүй ээ, бүтэхгүй. Бас л сайхан алалцуулж байгаад даль жигүүрийг нь тасчаад л хаяна ш дээ. Эсвэл ерөөсөө энэ хувьсгал хийсэн гээд байдаг хэдэн нөхөд бүгдээрээ үхэж байж энэ нам шинэчлэгдэнэ. Бүр дуусч байж. Одоо бол эд нар өөрчлөгдөхгүй. Н.Алтанхуяг л гэнэ. Э.Бат-Үүл л гэнэ. Намын даргад хэн хэн үзэх гээд байгаа юм. Ерөөсөө учир нь олдохоо байчихлаа ш дээ. Энэ олон муухай фракцууд бүтэхгүй. Шууд хоорондоо наймаалцдаг юм ш дээ. Аягүй сонин. Сая дөрвөн жил яаж энэ улс орноор наадав. Та нар хараа биз дээ. Ерөнхий сайд нь нэг өдөр гарч ирээд л "Тариаланчдаа дэмжинэ" гээд л мэдэгдэл хийнэ. Маргааш нь ордонд ороод уулзахаар “Бурмаа бүхнийг мэдэж байгаа” гэнэ. Ийм уймраа, ийм сэтгэлгүй, ийм ард түмэндээ хайргүй юмнууд зайлсан нь дээр. Би бүр Н.Алтанхуягтай хоёр удаа хэрэлдсэн. Энэ намд бодлого гэж байгаагүй. Өнгөрсөн дөрвөн жил “Таван Богд”-ын Ц.Баатарсайхан л Хөдөө аж ахуйн яамны “Сайд” байсан ш дээ. Р.Бурмаа бол зүгээр л Ц.Баатарсайханы тушаалыг гаргадаг л хүн байсан ш дээ. Зөвхөн нэг л салбар дээр нь ярьж байна ш дээ. Үр дүнд нь тариаланчид зовсон. Өрөнд баригдсан.

-Төр хувийн хэвшил хоёр ерөөсөө зохистой харилцаагаа олохгүй явж ирлээ. Салбар бүрт л төрийн буруу оролцоог шүүмжилж байх юм?

-Ер нь бол улс гэж байгаа цагт ард түмнийхээ хүнсний аюулгүй байдлыг хангах ёстой. Аль ч улс оронд өнөөдөр гурил будаа гэдэг энэ хүнс төрийн дэмжлэгээр явдаг. Яагаад өнөөдөр энэ салбар дээр Оросыг дийлэхгүй байгаа юм. Оросыг хэзээ ч дийлэхгүй. Ургамал хамгааллын бодис нь хуулиараа үнэгүй олгогдож байна. Шатахуунаа өөрсдөө хийж байна. Хямдхан шатахуунтай байна. Яаж Оросын гурилтай бид өрсөлдөх юм бэ. Тэгэхээр бид дотоодынхоо энэ чадан ядан босч байгаа салбараа дэмжих ёстой. Бүр энгийн юман дээр яръя. Айл тэгдэг биз дээ. Энэ өвөл зуд болж магадгүй гэнэ. Нэг шуудай гурил илүү нөөцөлж авъя гээд бэлтгэдэг биз дээ. Тэгвэл өнөөдөр Монгол Улс нөөц байхгүй шүү дээ. Ядаж нэг жилийн нөөцтэй байх ёстой. Энэ стратегийн бүтээгдэхүүн гэдэг чинь өөрөө тэгж явах ёстой. Улс оронд юу ч тохиолдож болно. Бид нар саяхан ОХУ-аас 100 мянган тонн улаан буудай гуйгаад очиход “Та нар Асгатаа яалаа, нөгөө юугаа яаж шийдлээ” гээд л урдаас нь шантааж хийдэг юм билээ ш дээ. Оросууд ийм юман дээр тоглоно ш дээ. Ер нь хоолгүй болчихсон айлтай бүгд л тоглоно ш дээ. Тэгэхээр Монгол Улс 300 мянган тоннын нөөцтэй л байх хэрэгтэй. Орос бол бүр дайны байдалд гээд 50 жилийн нөөцтэй явдаг. Байнгын нөөцтэй. Тэрийгээ жил болгон сэлгээд л, шинэчлээд явж байдаг. Зовлон үзсэн ард түмний, хүчирхэгжсэн төрийн бодлого хүртэл ийм байдаг байна л даа. Манайх байгаа 150 мянган тонноо нөөцлөөд авах хэрэгтэй ш дээ. Энэ гэхдээ шалихгүй ш дээ, нэг их сүртэй мөнгө гарахгүй. Өнөөдөр нэг кг будаагаа цэвэр уснаас хямдхан үнээр л бид өгч байна ш дээ. Юу юм бэ. Тариаланг цэвэр усны үнэнээс дор ингэж үнэлж болохгүй л байхгүй юу.

-Эдийн засгийн хямралын талаар бүгд л ярьж байна. Зарим нь хямралыг боломж болгох нь ч бий. Гэхдээ бидний дотоодын амьдрал амаргүй байна. Бизнесмэн хүний тань хувьд энэ хямралыг гэтлэх таны арга замуудын талаар сонирхмоор байна?

-Монгол Улс өөрөө махтай. Махаа экспортлох хэрэгтэй. Бид хөдөө аж ахуйгаа босгож чадах юм бол өөрчлөгдөнө. Угаасаа бид чинь хөдөө аж ахуйн орон ш дээ. МАА, ХАА гэсэн үндсэн юмаа хаяад л Уул уурхай гэдэг ганцхан морин дээрээ мордож аваад л давхисан. Нөгөө морь нь Хятадаас хамааралтай болохоор зогсчихсон. Ингээд улс орны эдийн засаг маань хямраад байна. Тэгэхээр бид ухдаг юм руугаа биш, ургадаг, өсдөг юм руугаа жаахан хөрөнгө оруулаад өгвөл сэргэнэ. Энэ сайхан нутаг орон байна. Манай газар тариалан чинь нийт газар нутгийнхаа өчүүхэн жаахан хувийг эзэмшдэг юм ш дээ. Энийгээ жаахан нэмээд, ахиад гоё зурвас зонууд үүсгээд явах хэрэгтэй. Одоо урдаасаа манай газар нутаг цөлжсөн. Өнөөдөр үнэндээ Дарханаас урагшаа тариа тарина гэдэг бол хэцүү болчихлоо. Улам л цөлжилт хүрээгээ тэлээд байна. Энийгээ ярихгүй Халх гол яриад байна. Тэр Халх гол чинь Монголын ирээдүйн нөөц байхгүй юу. Бид ирээдүйн нөөц газраараа тоглуулаад л байж байна. Халх голын хөрс их эмзэг хөрс. Тэгээд тал газар болохоор салхи ихтэй. Америкийн нэг агрономич хэлсэн байна. “Дэлхий дээр юмыг хийж болж байна. Сансарт нисч болж байна. Одоо юу юу байдаг юм. Бүхнийг хийж болж байна. Ганцхан хөрсийг хийж болохгүй байна” гэж. Хөрсийг хүмүүс жинхэнэ утгаар нь мэддэггүй. Ямар их талбай вэ л гээд байдаг. Хөрс чинь өөрөө төө хэртээ л юм байдаг юм ш дээ. Ургамал ургах үндэс суурь нь болдог хорин см л хөрс байгаа ш дээ. Энийгээ л их сайн хайрлаж хамгаалж явахгүй бол нөгөө мөнгөгүй улсууд чинь жил болгон тариалаад л, мөнгөгүй улс чинь хөрс рүүгээ жаахан шим тэжээл хийчихэж чадахгүй зовж байдаг. Гэтэл нийт Монголын хөрсний 80 хувь нь доройтолд орчихсон гээд гарчихсан ш дээ. Тэгэхээр бид энэ хөрсөө хамгаалах ёстой. Тариаланчид бордоо хийх ёстой. Гэтэл бордооны мөнгө байхгүй шүү дээ. Японууд төслөөр мөнгө өгсөн. Тэгээд л Р.Бурмаа тэрэн дээр баахан тендер зарлаад л. Би очоод ОХУ-аас 500 төгрөгөөр оруулаад ирдэг бордоог Р.Бурмаа оруулж ирэхээрээ 850-иар нийлүүлсэн ш дээ. Хоёр дахин нугалаад л нөгөө мөнгийг чинь идчихэж байгаа байхгүй юу. Ийм хоноцын сэтгэлтэй, хорон үйлдэлтэй Төрийн сайдыг хараад яаж дуугүй байх юм бэ. Тийм биз дээ. Нөгөө газар тариалангаа дэмж гэсэн мөнгийг хэдхэн улсууд хоёр нугалаад л талыг нь идчихэж байгаа байхгүй юу.

-Ер нь та Р.Бурмаатай нүүр тулаад, уузаж ярилцаад, ойлголцох гэж оролдсон уу?

-Би бас эмэгтэй хүнтэй аятайхан л харилцах гэж хичээнэ шүү дээ. Ямар зэрлэгүүд байгаа биш. Аягүй сонин юм билээ. Зугтаагаад л, тэгээд уулзах болохоороо баахан хэвлэлийнхнийг дуудаад бэлдчихсэн байж байна. Тэгээд яваад орохоор урдаас “За, танай компани өртэй гэсэн” гээд л. Аягүй хэцүү юм билээ. (инээв)  Компаниудынхаа захирлыг дуудаж ирээд “Чи өртэй” гэж зарлаад л суух сайд хүнийг хараад наад захын юм ярьж болохгүй юм билээ. Шүүхээр төлбөрийн чадваргүй болсон, улсын банк санхүүгийн байгууллагыг хохироосон бол шийдвэр гарна.

Салбарын сайд нь тариаланчдаа дуудаж авчраад сэтгүүлчид суулгачихаад “Энэ энэ өртэй шүү” гээд хашгираад байх үнэхээр хэцүү. За, за энэ хүнтэй ойлголцох битгий хэл ярилцах боломжгүй юм байна л гэж бодсон. Өргүй хүн хаана байгаа юм бэ, Монголд. Тэр аяараа монголчууд өртэй. Ийм хэцүү хямралын үед зовж зүдрээд “За салбарын сайд дуудлаа, туслах нь уу гээд очихоор телевизийнхээн сайн бичиж аваарай, эд нар өртэй шүү” гээд байхыг төсөөл л дөө. Гараад л толгойгоо сэгсрээд л явна биз дээ. Үгүй мөн, үйлийн үр шүү.

-Банкууд тариалангийн салбарыг хэр дэмждэг юм бэ?

-Аягүй хэцүү. Ерөөсөө дэмжихгүй. Яагаад гэхээр үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгодог. Тариаланчдад ямар үл хөдлөх хөрөнгө байдаг юм. Өнхөрдөг хэдэн трактор нь байж байдаг. Нөгөө хөдөлдөггүй газар нь байж байдаг. Газар нь улсынх. Трактор нь банкны зээлээр авсан трактор. Хэдэн ажилчдаа цалинг нь өгөх гээд л банкнаас зээл авч байгаа ш дээ. Тэгээд л урдаас “Та нар чинь шатчихдаг, ган болчихдог. Тэгээд та нар юугаараа эргүүлж төлөх юм” гээд л. Тэр үнэн. Тэгээд л энэ нөхцөл байдлаас болоод Дархан, Эрдэнэтэд ганц нэг өрөө байр савтай байдаг юм байна. Тэрийгээ зайлуул барьцаалаад алдчихсан улсууд зөндөө байна. Ийм л хэцүү байдаг, бидний амьдрал. Би бол зээл аваагүй. Р.Бурмаа маань өөрийнх нь эсрэг тэмцсэн бүх тариалангийн компаниудыг бүгдийг нь зээлээс хасуулаад хаячихсан. Би нэг төгрөг ч аваагүй. Үнэхээр сонин байгаа биз. Ийм бодлого байж болох уу. Хүүхдүүдээ алаг үздэг ээж шиг л байсан ш дээ. Сүүлдээ бүр хойт эх мэх гээд гоё нэрээ ч өөрөө олж авсан.



-Битгий инээд хүргээд бай л даа.

-Үгүй ээ, чи яасан инээд муутай хүн бэ. Үнэн ш дээ. Өөрөө энэ нэрээ бүр байлдаж олж авч байгаа юм чинь. Бидэнтэй тасралтгүй байлдаж олж авсан. Муухай юм билээ. Үнэхээр төрийн албыг хувьдаа яаж ашиг болгож болдгийг тэр хүн бидэнд үзүүлсэн. Тэр хүн бол үнэхээр баяжсан. Өчигдөр би импортын будааныхаа квотыг яаж мөнгө болгосныг нь сонсоод хэлэх үггүй болсон.

-Ийм юм байж үнэхээр болдог юм уу?

-Манай Ардчилсан намынхан ийм болгосон шүү дээ. Ерөөсөө бүгд төрийн албыг мөнгө хийх хөшүүрэг болгосон. Дубайн гэрээ мэрээ гээд та нар мэднэ ш дээ. Ч.Сайханбилэг энэ тэр яаж туйлав. Энэ улсуудтай хэн хариуцлага тооцох юм бэ. Хэрэв тооцож чадахгүй бол энэ МАН-ын нөхдүүд өөрсдөө Монголын хөрснөөс мултарна. Тэгээд ард түмэнд “Бүр намгүй байя” гэдэг ганцхан сонголт л үлдэх байх даа. Нэг ч өдөр бизнес хийж үзээгүй, нэг ч удаа хувийн хэвшилд ажиллаж үзээгүй, нэг ч төгрөгийн татвар улсад төлж үзээгүй Төрийн албан хаагч нөхөр өнөөдөр манай хажууханд надаас гоё хауст суучихсан, надаас гоё машин уначихсан хажуугаар давхиж байна шүү дээ. Би 20 жил бизнес хийсэн ч хүүхдүүддээ тийм гоё машин унуулж чадахгүй л шороон дотроо манаргаад, Р.Бурмаад самруулаад явж байна ш дээ. Би бас бизнесмэн хүн ш дээ. Би татвар төлөгч ш дээ. Тэр нөхөр гэтэл Төрийн албан хаагч.

-Энэ ч үнэхээр үзэгдлийн хэмжээнд очсон л доо.

-Хүүхдүүддээ 200-300 мянган долларын машин унуулаад л. Би хараад бодож байна ш дээ. Ингэж үйлээ үзэж явахаар Төрд ажиллах минь яав аа гэж... Арай дэндүү биш гэж үү. Нийгэм үнэхээр энэ бүхнийг хараад жигшээд байна ш дээ. Монголд мөнгө байна уу, байна. Орж ирж байсан. Энэ мөнгө хаашаа орсон. Цөөхөн хүмүүсийн халаас руу л орсон. Юу болоод байгааг бид бүгд л мэдэж байгаа ш дээ. Лос-Анжелост аймаар үнэтэй үнэтэй гудамжнуудын доод талын давхруудыг монголчууд л худалдаад авчихсан байна ш дээ. Тэгээд л хамаатан саднаа аваачиж сахиулаад, Америкуудаас түрээсийн мөнгө аваад бараг сууж байна. Ийм тэгш биш нийгмийн төлөө бид хамаг залуу насаа үрж зүтгэсэн юм уу. Ийм асуулт тавигдах ёстой биз дээ. Төрд шүгэлсэн хархнууд бүгд тэр идсэн хулгайлсан мөнгөө буцааж өгөх ёстой ш дээ.

 
Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг бидний хоёр дахь ярилцлага энэ хүрээд өндөрлөв. Зарим үед зогсож чадахааргүй ихээр инээд хүрч, дуу хураагуураа өөрийн эрхгүй унтрааж байсан ч зарим үед сэтгэл хөндүүрлэж хэлэх үггүй гацах...Зарим үед нүдэнд нь нулимс гялтганан буувч хөгжилтэй инээд, ухаалаг аргадалтаар өөрийгөө чөлөөлж чадах нь сонин. Юутай ч энэ хүн миний уулзсан сонин л зочдын нэг.

 

Эх сур: baabar.mn