Германд цуврал халдлага гарчээ

Өчигдөр өглөө Германы Кёльн хотын “Rudolfplatz”-ын ойролцоо хутга болон буугаар зэвсэглэсэн этгээд иргэд рүү гал нээжээ. Улмаар Германы иргэн 34 настай эрэгтэй халдлагад өртөж хүнд гэмтэл авчээ. Тус хотын цагдаагийн газраас халдлага үйлдсэн этгээдийг баривчилж саатуулан шалгаж эхэлсэн байна. Уг халдлагаас хэдхэн цагийн дараа буюу орон нутгийн цагаар 04:00 цагт Кёльн хотноо дахин халдлага гарсан байна. Тодруулбал, хутга, сүхээр зэвсэглэсэн этгээд цагдаагийн газрын байрны өмнө нэг иргэнийг гэмтээсэн байна. Одоогоор цагдаагийн алба хаагчид Кёльн хотноо гарсан дээрх хоёр хэргийг хоорондоо хамааралтай эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Гэхдээ уг халдлагуудыг террорист үйл ажиллагаатай холбоотой талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.