Сэтгэл гонсойлгосон томилгоо үргэлжилсээр...

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН төрийн албыг төрлийн алба болгохгүй, дарга нарын хамаатан садан төрд томоохон алба хашихгүй, түүгээр ч барахгүй салбарынхаа жаргал зовлонг сайн мэддэг, давхар дээлгүй сайд нартай болно хэмээн амлаж байсан нь саяхан.Бүр сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад мэргэжлийн хүмүүсийг томилж төрөө хямралаас гаргана гэж амлаж байсан тэдний үг үйлдэл бүр нь зөрж байгааг өнгөрсөн хугацаанд хийсэн сэтгэл гонсойлгосон томилгоонуудаас харж болох юм. Тиймээс энэ удаагийн "Онцлох хуудас" буландаа сайд болон дэд сайд нарын томилгоо болоод үнэ ханш нь өсөөд буй Төрийн нарийн бичгийн даргын томилгооны талаар хөндлөө.
 
Уяач нар шургалсан Засгийн газар
 
 
МАН сонгуулиар үнэмлэхүй олонхи болсныхоо хүчээр ёстой л нэг дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна гэхэд хилсдэхгүй. Ингэж хэлэх болсны учир нь тэд амлалтаасаа ухарч, ард түмний сэтгэлийг гонсойлгосон томилгоог эхнээс нь хийх болов. Сайд нараар эхэлсэн томилгоонд ард түмэн сэтгэл дундуур, бүр хамарсаж байгаагаа илэрхийлж, цахим ертөнцөд шуугиан дэгдээв. Үүний хүчинд зарим нэг нэр дэвшигчийг буцаасан. Үнэндээ "мэргэжлийн" гэх тодотголтой Засгийн газарт байгаа оносон томилгоо тунчиг цөөхөн байгаад УИХ-ын гишүүд ч өөрсдөө сэтгэл дундуур байгаа нь харагдсан. Наад захын жишээ дурьдахад л одоогийн Засгийн газарт уяач, уяачдын холбооноос хоёр ч байгаа нь иргэдээ төдийгүй, намынхныхаа уурыг бараад буй. Тодруулбал, Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, биеийн тамирын багш П.Сэргэлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын сэнтийд заларсан бол Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Морин спорт, уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ш.Лхамсүрэн томилогдсоныг одоо ч хүмүүс шогшрон ярьсаар. Үүнийг УИХ-ын дарга М.Энхболд энэ холбооны Ерөнхийлөгч болохоор ийнхүү өөрийн хүмүүсээ "шагнасан" бололтой гэж ойлгохоос өөр яалтай билээ. Түүнийг томилгоо дээр "азаргалж" байгааг намынхан нь одоохондоо дотроо шивнэлдэн байгаа.
 
Боловсролын "боловсроогүй" сайдыг яалтай
 
 
Монгол Улсын хамгийн чухал салбарын нэг бол яах аргагүй боловсролын салбар. Хүн бүхэн бага балчираасаа эрдэм номд шамдаж, амьдралд хөл тавьдаг гэдэгтэй маргах хүн гарахгүй. Тэгвэл маш чухал энэ салбарт хамгийн муу томилгоо хийгдсэнд харамсч буй хүн олон байна. Учрыг тунгаавал, Барилгын инженер, эдийн засагч мэргэжилтэй хүн боловсролын салбарыг толгойлох болсон нь энэ салбар цаашдаа хөгжих эсэх асуудлыг хөсөр хаясан хэрэг хэмээн үзэх хүн ч гарч байна. Харин тус яамны дэд сайдаар өмнө нь боловсролын салбарыг толгойлж байсан Ё.Отгонбаяр томилогдсон нь олны анхаарлыг нэлээд татаж байна. Үнэндээ МАН "мэргэжлийн" Засгийн газар байгуулах ухаантай байсан юм бол сайдын албыг хашиж байсан туршлагатай хүнээ сайд болгох ёстой байсан гэдгийг ч учир мэдэх хүмүүс хэлж байна. Бас болоогүй боловсрол, соёл, шинжлэх ухаан дээр Эрүүл мэндийн яамнаас спортыг салгаад нэмчихсэн болохоор сайд нь жижигдэж, салбар нь томдсон гээд хэлчихэд хатуудахгүй биз ээ.
 
Сайдаасаа зангарагтай дэд сайд байна шүү дээ
 
 
Сэтгэл гонсойлгосон бас нэг томилгоо Эрчим хүчний яаманд явагдсан байх юм. Тодруулбал, Эрчим хүчний сайдаар томилогдсон П.Ганхүү байна. Уг нь тэр их сургуулиа төгсөөд энэ салбарын мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, салбарын яаманд хэлтсийн дарга, газрын даргаар ажилласан байсан нэгэн гэгдэх боловч албан тушаалын зангараг, буурь сууриар нэг л тохирохгүй гэдгийг олоод харчихжээ, зарим нь. Харин азаар тус яамны дэд сайдаар төр засгийн ажлын туршлагатай Т.Гантулга томилогдсон нь яамай даа. Тэрбээр өмнө нь Төрийн нарийн бичгийн албыг зургаан жил хашсан, намын нарийн бичгийн даргаар ч чамгүй хугацаанд ажилласан гээд П.Ганхүүг бодвол ажил шүүрээд авахад зангаргаараа хийчих болов уу. Тэгэхээр МАН-ынхан үнэндээ боловсролтой, мэдлэгтэй залуусаа дэмжиж, төрийн албыг төрлийнх болгохгүй гэсэн амлалтаасаа ухарчихаад байгаагаа одоо хэр нь харахгүй байгаа бололтой.
 
Сэтгэлд хүрэх дэд сайд хэд байгаа бол...
 
 
Салбараа мэддэг, жаргал зовлонг нь ойлгодог сайд, дэд сайд нарыг томилно гэж амаа цангатал ярьснаа Ардын намынхан умартсаар. Үнэндээ одоо томилогдоод буй дэд сайд нараас салбараа мэддэг, сэтгэлд хүрэх нь гарын таван хуруунд багтахаар ажээ. Тоочоод, тодруулаад хэлбэл төрийн албанд 30 жил ажиллаж байгаа, 2008-2012 оны хооронд ХХААХҮ-н дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай ёстой л өнөөх салбараа мэддэг дэд сайд нь Ж.Сауле байх юм. Мөн 2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар томилогдон ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаярыг нэрлэж болж байна. Үүн дээр нэмээд нам төрийн ажлын туршлагатай, залуу хэрнээ боловсрол, мэдлэгтэй Т.Гантулгыг хэлж болох юм. Үнэндээ дэд сайдуудаас өөр нэрлэчих хүн энд алга. Бусад нь жинхэнэ "бор халзан хонь", фракцийн тохироогоор орж ирсэн нөхөд.
 
Сонгон шалгаруулалт нэрийн цаана...
 

МАН өнгөрсөн хугацаанд нэг иймэрхүү л томилгоо хийж, олны амны бай боллоо. Тиймээс энэ үйлдлээ ухаарсан уу, ямартай ч  яамны чухал хүн болох Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшигчдийн дунд сонгон шалгаруулалт явуулахаар болсон байх юм. Үнэндээ ухаарсан хэрэг бус уг албан тушаалын "үнэ ханш"-ийг  өсгөх гэсэн арга хэмээн хэвлэлүүд шүүмжилж байна. Угтаа бол сонгон шалгаруулалт нэрийн ард МАН-ынхан аль хэдийнэ Төрийн нарийн бичгийн даргын сунгаанд өрсөлдөөд эхэлчихсэн шүү дээ. Ийм л томилгоо үргэлжилж, иргэд харж байгааг ойлгох болов уу.
 
2012 оноос хойш ажилд орсон хүмүүсийг судлах үүрэг өгчээ
 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд 2012 оноос хойш нийслэлийн харьяа төрийн байгууллагуудад ажиллаж байгаа албан хаагчдыг нэг бүрчлэн судалж, аттестатчилж, дүгнэлт гаргахыг үүрэгдсэн байх юм. Энэ нь төрийн албан хаагчдыг чадавхижуулах хэмээн нэрийн дор явагдаж байгаа халаа сэлгээ хийх арга гэнэ. Яг үнэндээ 2012 оноос хойш төрийн албанд ажиллаж эхэлсэн хүмүүсийг ийн судлах нь олноор нь хоморголон халах ажиллагааны эхлэл болж магадгүй гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Үнэний ортой л байх. АН-ын үед хотын дарга зургаан орлогчтой байна, олон байна хэмээн шүүмжилж  байсан хэр нь одоо өөрсдөө "зургаахан" болгосон хэмээн хүмүүс шоолж байна. Дөрвөн орлогч, хоёр нь төслийн удирдагч гэсэн.
 
Сэтгүүчийн өнцөг
 
ЯЛАГДЛЫН НҮХЭЭ УХАЖ БАЙХ БИЙ
 
"Мэргэжлийн" Засгийн газар байгуулж, эдийн засгийн хямралаас гаргаж, иргэдээ сайхан амьдруулна гэсэн амлалт өгч гарч ирсэн МАН-ынхан Засгийн газраа бүрдүүлэх гэж ёстой л хөгөө хөлдөө чирж байна даа. Ялсан намын дарга нь Ерөнхий сайдын албанаас зугтаж, алх тогшихыг илүүд үзэн ажлаа  Ж.Эрдэнэбатад үүрүүлчихсэн. Нэгэнт хамаг асуудлыг үүрэхээр болсон Ерөнхий сайд хуулийн хугацаандаа амжиж танхимаа бүрдүүлэх гэж их юм болов. Эхнээсээ л сайдад яригдсан хүмүүс нь бүдэрч, ашиг сонирхлын зөрчилтэй нь тогтоогдож, ар араасаа цуварсаар нэг юм бүрдсэн боллоо. Тэгэхдээ энэ томилгоог албан тушаалын "бялуу хуваалт", бүлэглэлүүдийн тохироо гэж хэн хүнгүй харж байна. Нам дотроо бол ганц хүний тулгалт  хэмээн дургүйцэж буй. Одоо яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох томоохон хариуцлагатай ажил үргэлжилж буй. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг тус яамныхаа хамаг л хөрөнгө мөнгийг захиран зарцуулах эрх мэдэлтэй хүн байдаг.
 
Тэгвэл уг томилгоотой холбоотой олон мэдээлэл гарч эхэлсэн нь хүмүүсийн анхаарлыг татаж байна. Үнэндээ Төрийн нарийн бичгийн дарга нарт намаас "зүтгүүлж"  буй хүмүүсийн нэр урьдчилсан байдлаар олонд ил болсон. Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвших магадлалтай хүмүүсийн талаар янз бүрийн мэдээлэл цахим хуудаснаа хөвөрч байна. Арга ч үгүй биз. Сонгуульд ялалт байгуулахдаа "Мэргэжлийн" Засгийн газар байгуулна гэж амласан МАН-ынхан сайд нар болон дэд сайдуудын томилгоог хийхдээ олон "оноо" алдсан. Тэр ч утгаараа иргэд одоо тэднийг томилгоо бүр дээр өөнтөглөж, бас үг, үйлдэл бүрийг нь няхуур хянаж байгаа.
 
Төрийн албыг жинхэнэ утгаар нь төрлийн алба болгож, цаашлаад шагнал, дараагийн сонгуулийн мөнгөө босгох хэрэгсэл болгож байгааг ч хэн хүнгүй ярьж байна. Цаашдаа төрийн албан хаагчдыг хоморголон халж, төрийн албыг "төлбөртэй болгох" ажлаа хийсээр байх юм бол ойрын хоёр сонгуульд ялагдах "нүх"-ээ ухаж байна хэмээн ойлгох хэрэгтэй дээ. 
Эх сурвалж: Монголын мэдээ сонин, Э.Энхцэцэг