ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2019, 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Хуралдаанд Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, ажлын албаны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.


Төрийн албаны зөвлөлийн 2019, 2020 оны үйл ажиллагааны тайлангийн талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг танилцуулга хийлээ. Мөн хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний хэлтсээс Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны тайланд хийсэн санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулсан юм.

      Төрийн албаны зөвлөл төрийн албаны шинэтгэлийн хүрээнд 2019 онд 19, 2020 онд онцлох 20 зорилт дэвшүүлж, 78 үйл ажиллагаа, 91 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн. Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсанаар төрийн албаны шинэтгэлийн шинэ үеийн бодлого, стратеги тодорхой болж, тогтвортой, хариуцлагатай, мэргэшсэн, улс төрөөс ангид байх зарчмыг олон нийтэд ойлгуулж, хэрэгжүүлж, үр дүнд хүргэх нь шинэтгэлд итгэх иргэдийн итгэл, дэмжлэгийн хөрс бүрдүүлэх алхам болсон. Иргэд болон төрийн албан хаагч гэсэн хоёр үндсэн чиглэлээр шинэ хууль, шинэчлэлийн бодлогыг сурталчлах, таниулах, соён гэгээрүүлэх ажлыг 21 аймаг, нийслэл, нийгмийн салбар бүрийн төлөөлөлд хүргэж, зайн болон танхимын сургалт, семинар, хэлэлцүүлэг, үндэсний зөвлөгөөн, нүүр тулсан уулзалт, ярилцлагыг  олон хэлбэрээр, нийгмийн сүлжээний олон аргаар зохион байгуулж ажилласныг Төрийн албаны зөвлөлийн дарга танилцуулгадаа онцлов.

     Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар төрийн 4147 байгууллагад 205,011 албан хаагч ажиллаж байна. Төрийн албан хаагчдын тоо өмнөх онтой харьцуулахад 3,3 хувь (буюу 6548)-иар нэмэгдсэн нь иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, өргөжүүлэх зорилгоор эмнэлэг, сургууль, цэцэрлэг, онцгой байдлын зарим анги, салбар шинээр байгуулагдаж, өргөжсөнтэй холбоотой. Мөн нийт төрийн албан хаагчдын 2 хувь нь улс төр, 10 хувь нь төрийн захиргааны, 22 хувь нь төрийн тусгай, 66 хувь нь төрийн үйлчилгээний ангилалд хамаарч байгаа аж.

     Төрийн албаны тухай хууль тогтоомж, чадахуйн зарчмын хэрэгжилтэд шинээр нэвтрүүлж буй хүний нөөцийн аудит хийхэд бэлэн болжээ. Мөн эрх зүйн орчныг нь бүрдүүлж, системтэйгээр сургаж мэргэшүүлсэн аудиторуудтай болсон байна.

Төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагын бүхий л үе шатанд үнэлгээ хийж, эрсдэл тодорхойлох, давуу, сул талыг илрүүлж, эрсдэлээс сэргийлэх зөвлөмжөөр хангаж ажиллажээ. Төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх болон төрийн үйлчилгээний удирдах нийт 21692 албан тушаалыг стандарт тодорхойлолттой болгосноор төрийн захиргааны албан тушаал бүрийн зорилго, зорилт, чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах үндсэн шаардлага, үүрэг хариуцлагыг иж бүрэн зураглаж, баталгаажуулсан байна.

 

         Төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг технологийн дэвшил ашиглан зохион байгуулж байна. Уг шалгалтад иргэд бие даан бэлтгэх цахим платформ үүсгэж, тэгш, хүртээмжтэй байдлыг өргөжүүлэн мэдлэг, чадвараа урьдчилан сорих боломж бүрдүүлжээ. Төрийн албаны ерөнхий шалгалтад 27383 иргэн оролцож, 7254 (26.4 хувь) иргэн тэнцээд байгаа бөгөөд тэнцэлт нь олон улсын түвшинтэй ойролцоо байгаа аж. ШУА, эрдэмтэд, судлаачдын оролцоотойгоор сорил, тестийн агуулгыг баяжуулан тестийн сангийн өгөгдлийг нэмэгдүүлсний зэрэгцээ е-taz аппликэйшн хөгжүүлж, тестийг хэвлэмэл болон онлайн хэлбэрээр, гар утас, фэйсбүүк зэрэг нийгмийн сүлжээнд нээлттэй, тэгш хүртээмжтэй, ил тод болгож, шалгалтын бүхий л процессыг 100 хувь цахимжуулжээ. 

      Чадахуйн зарчмыг хангасан шударга сонгон шалгаруулалтад тулгуурласан шинэтгэлийг эхлүүлснийг Төрийн албаны зөвлөлийн дарга онцлов. 2019 онд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын 548, гүйцэтгэх албан тушаалын 2435 сул орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулж, шатлан дэвших зарчмыг мөрдөж ажиллажээ. Мөн төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн 343 албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлаж, давхардсан тоогоор 483 иргэн сонгон шалгаруулалтад орж зарлагдсан сул орон тоо үе шаттай нөхөгдсөн байна.

      Ёс зүй, сахилга хариуцлагад тулгуурласан шинэтгэлийг эхлүүлж, “Төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлагыг сайжруулах тухай” зөвлөмж гаргаж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, сахилга, хариуцлагыг сайжруулах, урьдчилан сэргийлэх, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавих чиглэлээр арга зүй, удирдлагаар хангаж ажиллажээ.

        Тайлант хугацаанд нийт 1194 төрийн байгууллагад Ёс зүйн зөвлөл /хороо/ байгуулагджээ. Энэ хугацаанд 1422 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргаснаас 809 нь төрийн тусгай, 353 нь төрийн захиргааны, 260 нь төрийн үйлчилгээний албан хаагч байгаа аж. Ёс зүйн зөрчлийн тоо 2019 онтой харьцуулахад 2020 онд 4.8 хувиар буурсан байна. Мөн 2020 онд 371 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсны 162-т нь сануулах, 180-д нь цалингийн хэмжээг 20 хүртэл хувиар бууруулах, 29-д нь төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн байна.

Шинэтгэлийн хүрээнд маргаан хянан шийдвэрлэх ажлыг явуулж, төрийн албан хаагчдын эрхийг хамгаалж ажиллажээ. Төрийн албаны зөвлөлд төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, төрийн албан хаагч, төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн талаар 445 өргөдөл, гомдол, мэдээлэл ирсэн нь өнгөрсөн оноос 5.2 хувиар өссөн, шийдвэрлэлт 93.4 хувьтай байгаа аж. 

     Төрийн албанд эрх нь зөрчигдсөн гомдлын мөрөөр нийт 22 маргаан үүсгэж, хууль зөрчсөн тушаал, шийдвэрүүдийг хүчингүй болгожээ. Мөн төрийн албанаас хууль бусаар халагдсан, албан тушаал бууруулсан албан хаагчдыг эрхэлж байсан албан тушаалд нь томилуулах зэргээр 195 гомдлыг хянан шийдвэрлэжээ. Түүнчлэн төрийн албанаас хууль бусаар халагдсан, чөлөөлөгдсөн, албан тушаал бууруулсан 14 албан хаагчийг Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр урьд эрхэлж байсан албан тушаалд нь томилуулжээ.

    Төрийн албан хаагчдын сургалт, хөгжлийг дэмжиж ажиллаж, төрийн албан хаагчдын сургалт, хөгжлийн үндэсний тогтолцоог шинээр бүрдүүллээ. Төрийн албан хаагчийг төрийн албанд анх томилогдсон өдрөөс нь эхлэн тасралтгүй сургаж хөгжүүлэх, шатлан дэвшихэд шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэн мэргэшүүлэх сургалтын тогтолцоог хэвшүүлэн мөрдүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлж, төрийн байгууллагууд “суралцагч байгууллага” болж байна. Удирдлагын академийн мэргэшүүлэх багц сургалт, төрийн албанд анх томилогдсон албан хаагчийг чиглүүлэх богино хугацааны сургалт, мэргэшүүлэх дунд хугацааны болон давтан сургалт, зорилтот богино хугацааны сургалтад 5465 төрийн албан хаагч хамрагдсан талаар дурдаж байв.

    Тайлант хугацаанд хийсэн ажил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд төрийн албаны шинэтгэлийн стратеги, замын зургийг бодлогын хүрээнд тодорхойлж, институцийн төлөвшил, хөгжлийг бий болгож, үе шаттай үр дүн гарч байна. Шинэтгэлийн зарчим, тавигдаж буй шаардлагыг тусгах, түүнийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд албан тушаалын тодорхойлолтуудыг батлах зөвшөөрөл олгох үйл ажиллагаа чухал хувь нэмэр оруулж, шинэтгэлийн суурийг бэхжүүллээ.  Мерит зарчим бол урт хугацаанд ажилласнаар бус ур чадвар, мэргэшлийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөнөөр хэрэгжих зарчим гэдгийг төрийн албаны бүхий л төвшинд ойлгон хүлээн авах нийгэм, сэтгэл зүйн хөрс суурь бүрдэж байна.

      Төрийн албаны хөдөлгөгч хүч-төрийн албан хаагчдын хүний нөөцийн оновчтой, зохистой бодлого, зохицуулалтыг хийснээр төрийн албан хаагчдаа бэлтгэх, сургах, хөгжүүлэх, гүйцэтгэлийн үр дүнг бодитой тооцох тогтолцоог бүрэн нэвтрүүллээ. Хандлага харилцааны ур чадварыг тодорхойлох сэтгэл зүйн тест, бодлого, үйл ажиллагааг системтэй, өргөнөөр харах /heliсopter view/, аналитик шинжилгээ, оюун сэтгэлгээний болон сэтгэл хөдлөлийн чадамжуудыг тодорхойлох зэрэг шинэлэг арга зүйг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн талаар Төрийн албаны зөвлөлийн дарга дүгнэж хэллээ.  

     Мөн цаашид хийхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээнүүд, тэдгээртэй холбоотой зарим саналаа танилцуулсан юм. Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд хийгдэж, дэлгэрэнгүй тайланд тусгагдсан бүхий л үйл ажиллагаа, үр дүнг бий болгоход Улсын Их Хурал, Засгийн газрын хамтын ажиллагаа, зөвлөмж, зөвшилцөл чухал үүрэг гүйцэтгэснийг тэрбээр онцлов.

Төрийн албаны зөвлөлийн 2019, 2020 оны үйл ажиллагааны тайлан, зөвлөлийн даргын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ё.Баатарбилэг нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Энхболд, Ж.Мөнхбат үг хэлж байр сууриа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 Эх сурвалж: www.parliament.mn