"Макс" группын тэргүүн хатагтай Д.Уянгалянхуа "Miss World" тэмцээний оролцогчийг тодруулдаг гэв үү

Дэлхийн хэмжээний гоо бүсгүй шалгаруулах “Мисс Ворлд” тэмцээн нь 70 жилийн түүхтэй бөгөөд улс орон болгон хамгийн туршлагатай, хамгийн үзэсгэлэнтэй гэсэн зарчмаар нүсэр тэмцээн зохион байгуулж, үндэсний ялагчаа тодруулдаг.

Гэтэл Монгол Улсын хувьд яаж байна? Энэ шалгуураар үндэсний ялагчаа тодруулж чаддаг уу?

Манай улсын төлөөлөл 2005 оноос хойш “Мисс Ворлд” тэмцээнд оролцож ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын эхнэр болох Д.Уяангалянхуа Монголын үндэсний ялагчийг тодруулж байгаа хэмээн ярьдаг. Энэ хүн ямар нэг тэмцээн уралдаан зохион байгуулалгүй өөрийн эрх ашгийн үүднээс олон охидын эрхийг боогдуулж, тус тэмцээнд орох гэсэн тэдний хүсэл эрмэлзлийг унтраасаар удаж байна.

Сүүлийн жилүүдэд үндэсний ялагчийг тодруулах зорилгоор олон охид бүсгүйчүүд оролцсон тэмцээн зохион байгуулсан мэтээр хуурамч мэдээлэл бэлтгэн Лондон төвтэй “Miss World International”-д  явуулж ирсэн гэдэг. Түүний хувьд өөрсөдтэй нь урьдчилан тохиролцсон охидыг үндэсний ялагч болгохоор дэмжин маш явцуу хүрээнд “титэм зүүсэн” нэр зүүлгэж, аанай л ашиг сонирхлын зөрчил гаргасаар. Уг тэмцээнд мөнгөтэй хүн явдаг уу, аль эсвэл Д.Уянгалянхуагийн ойр тойрны хүмүүс явдаг уу гэдэг нь л чухам асуудлын гол гогцоо юм.

“Макс групп”-ын тэргүүн хатагтай Д.Уянгалянхуа гэх энэ эмэгтэй ийнхүү олон олон охидын эрхийг зөрчиж, өөрийн явцуу эрх, ашиг сонирхлоор бусдыг ялгаварлан гадуурхсаар байгаа юу?