Шатахууны үнийн талаар ямар бодлого баримталдаг вэ

Б.БАДРАЛ

Дэлхий даяар шатахуун, эрчим хүчний хомсдол үнийн хөөрөгдөлтэй тулгараад байна. Зарим судлаачдын нотолж буйгаар ийм байдал он дуустал эсвэл бүр оны эхний хоёр сар хүртэл үргэлжилнэ. Иймд та бид тун удахгүй шатахууны үнэ өсөх гэдэг таагүй зүйлтэй ахиад л тулгарах нь гарцаагүй болоод байна. Нийлүүлж байгаа улсаас үл хамаараад дэлхийн зах зээл дээр газрын тос, шатахууны үнэ нэмэгдээд ирэхээр манай импортлогчид ч бас үнээ өсгөж л таарна. Тэгээд ч манай импортлогчид чанар бус үнийн тал дээр дэлхийн жишгийг дагах дуртайг хэлэх үү. Тэгвэл энэ үнийн огцом өсөлтийг багасгах өчүүхэн ч гэлээ арга чарга байна уу гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Эндээс урган гарах өөр нэг асуулт нь манай улс шатахууны үнийн талаар ямар бодлого баримталдаг юм бэ. Шатахууны үнийг тодорхой хэмжээнд байлгах замаар манай төр юунд хүрэх, иргэдээ юу руу чиглүүлэхийг хичээдэг юм бэ. Жишээлбэл, үйлдвэрлэхэд арай хямд хялбар байдаг дизель түлш яагаад ШТС дээрээ ирэхээрээ хамгийн үнэтэй нь болж хувирдаг юм бэ.

Асуултыг ойлгомжтой болгох үүднээс нэг жишээ татъя. Германд өнгөрсөн долоо хоногт дизель түлшний үнэ түүхэн дээд амжилт тогтоож литр нь 1,56 евро хүрсэн. Ингэснээр Европыг бүхэлд нь хамраад байгаа шатдаг хийн үнийн огцом өсөлтөөс гадна шатахууны үнийн огцом өсөлт гэсэн бас нэг дайрлага орж ирж байгааг тус улсын судлаачид хүлээн зөвшөөрчээ. 

Германы “Deutshe welle” агентлаг юуны өмнө дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөн нь цаашдаа шатахууны үнэ өсөхөд нөлөөлсөн. “ОПЕК”-ийн орнууд, дээр нь ОХУ, Казахстан, Азербайжан нийлээд газрын тосны нийлүүлэлтийг зохиомлоор багасгах замаар үнийг нь өсгөж байгаа гэжээ. 

ХБНГУ-ын төр нь авто тээврийн шатахуун ба орон байрны дулаалгын түлшний үнийг санаатайгаар өндөр байлгахыг хичээдэг. Шатахуун хэт хямд байвал зарцуулалт үрэлгэн болж, улмаар шатахуун, эрчим хүчийг үр ашигтай зарцуулах ба байгалийн баялгийн олборлолтод ариг гамтай хандах сэдэл үгүй болдог гэж үздэг тул бодлогоор шатахууны үнийг өндөр байлгадаг аж. 

Гэтэл АНУ-д байдал эсрэгээрээ. Америк нь Европыг бодвол асар өргөн уудам нутагтай, байгалийн арвин их баялагтай учраас шатахуун хямд байх тусам бизнес идэвхтэй, хэрэглээ өндөр, хүн амын шилжилт хөдөлгөөн шуурхай байдаг. Ийм учраас АНУ-д эрчим хүчний хэмнэлт ба зарцуулалтын үр ашигт Европын холбооноос хавьгүй бага анхаарал хандуулдаг.

Тэгвэл манай улс шатахуундаа татвар суутгал ногдуулах замаар үнийг нь тодорхойлохдоо ямар бодлого барьдаг бол. Түлшинд хэмнэлттэй хандаж цахилгаан машин руу хурдан шилжүүлэх гэсэн юм болов уу. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин