Тусгаар тогтнолын өдрөө айдас дүүрэн тэмдэглэсэн Энэтхэг улс

Энэтхэгийн гол баяруудын нэг Тусгаар тогтнолын өдрийг даваа гарагт Шинэ-Дели хотноо өмнө байгаагүй аюулгүй байдлын өндөр арга хэмжээн дор тэмдэглэж байна.

Тусгай албаныхан террорист довтолгоон хийгдэж магадгүйг сануулсан учраас Шинэ-Дели хотын гудамжинд 50 мянган эргүүлийн тусгай албаныхан ба армийн албан хаагчид эргүүлтэй байлаа гэж тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлэв. Ялангуяа баярын гол арга хэмжээ явагдсан XII зууны үеийн уран барилгын дурсгалт Улаан цайзыг хамгаалахад гол анхаарлаа хандуулжээ.

Далан жилийн өмнө Ерөнхий сайд Жавахарлал Неру түүхэн цайзад улсынхаа далбааг мандуулсан юм. Тэнд Засгийн газрын тэргүүн хүндэт харуулыг хүлээн авч, ард түмэндээ хандан үг хэлсэн байна. Энэ бүсийг тусгай албаны нийт 15 мянган ажилтан найм дараалан бүслэн хаажээ. Мөн 500 гаруй видео камерыг эргэн тойронд нь байрлуулж, Улаан цайзын агаарын орон зайг бүтэн өдрийн турш хаажээ.

Энэтхэгийн тусгаар тогтнолын өдөр

1947 оны энэ өдөр Энэтхэг улс тусгаар тогтнолын баримтаа (Indian Independence Act) зарлан тунхагласан юм. Английн колони асан энэ улс тусгаар тогтнож, Энэтхэгийн холбоо, Пакистан гэсэн хоёр улсад хуваагдсан юм. Тэр цагаас хойш жил бүр энэ өдрийг Энэтхэг даяар тэмдэглэдэг болжээ.

Энэ өдөр төрийн болон нийгмийн зүтгэлтнүүдийн оролцоотойгоор Энэтхэгийн далбааг хот сууринуудад мандуулах ёслол хийдэг бол жирийн иргэд энэ өдөр улсын бэлгэдэлтэй цаасан шувуугаа хөөргөн тэмдэглэдэг бөгөөд бүх нийтээрээ амардаг аж. Харин Пакистан улс наймдугаар сарын 14-нд тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэсэн байна.

Хил дээрх буудалцаан

Баярын өмнө Жамма, Кашмир му­жид исламын дайчид Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэхгүй байхыг сануулсан ухуулах хуудас тараасан байна. Газар нутгийн маргаантай энэ бүсийн хяналтын шугам дээр энэтхэг, пакистан цэргийнхний хооронд хүнд зэвсэг хэрэглэсэн буудалцаан гарчээ.

Талууд бие биеэ буруутгав

Кашмирын нутаг дэвсгэр нь Энэтхэг, Пакистаны хооронд тусгаар тогтнолоо авсан үеэс хойш маргааны бай болоод байгаа газар юм. Энэтхэгийн нутаг дэвсгэрт Энэттхэгээс салан тусгаарлах сонирхолтой дайчдын бүлэглэл байдаг. Шинэ-Дели нь Пакистаныг террористуудыг дэмжлээ гэж байнга буруутгадаг. Баярын өмнө энэ бүсэд байдал хурцдах нь ердийн үзэгдэл юм.