Цахим луйвар буюу “G-TIME”, “1-9-90” сүлжээнүүд

Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байдаг аж. Гэтэл яг ийм төрлийн луйврын шинж чанартай зарууд хаа сайгүй байдгийг уншигч та бүхэн мэдэх байх. “Гэртээ сууж байгаад орлогоо нэмэгдүүлмээр байна уу?” гэсэн утгатай зарууд энэ төрлийн шинж чанартай байдаг байна. Үүнийг бид бүхэн “Сүлжээ” хэмээн нэрлээд хэвшчихсэн.

Харин сүүлийн үед G-TIME гэсэн сүлжээ сошиал орчинд Казахстаны ядуурлыг бууруулах төсөл нэртэй группт гишүүдээ нэгтгэдэг юм байна. Энэ нь “GOLDEN TIME” гэсэн үгний товчлол аж. Төсөл хэмээн сүржин нэрлэсэн ч угтаа бол сүлжээ. Тэгээд ч Казахстан улсад ийм нэртэй үйл ажиллагаа явуулдаг төв байхгүй гэдгийг хууль хяналтынхан албан ёсоор тогтоосон гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурьдсан байна. Энэ сүлжээг ОХУ-ын иргэд оруулж ирсэн байх магадлалтай бөгөөд тус төслийн эх үүсвэр, хөрөнгө оруулалт тодорхойгүй гэдгийг цагдаагийн байгууллага тодотгожээ.

Үүнээс гадна “1-9-90” гэсэн пирамидын зарчмаар ажилладаг бас нэгэн сүлжээ бий гэнэ. Португалиас гаралтай тус сүлжээнд эхний ээлжинд 10 евро төлөх хэрэгтэй. Ингэснээр өөрийн данстай болж, багтаа 2 хүн мөн л 10, 10 еврогоор элсүүлсэнээр анхны “цалин” болох 36 евро авдаг байна.

Хуулийнхаа дагуу бол энэ мэтчилэн луйврын шинжтэй зүйлд санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж, аль нь сүлжээ, төсөл, компани болохыг тогтоох учиртай аж. Гэсэн хэдий ч тэд дорвитой ажил хийдэггүй гэдгийг албаны хүмүүс хэлдэг. Нөгөө талаар эдгээр хялбар аргаар мөнгө олохыг зоригчдыг гааруулдаг нь гэртээ сууж буй эмэгтэйчүүд, бага орлогтой иргэд байдаг. Тэд өөрийн мөнгөө бусдад өөрөө аваачаад өгчихдөг хэрнээ мөнгөө луйвардуулчихлаа хэмээн цагдаагийн байгууллагад бас ханддаггүй байна. Энэ мэтчилэн иргэдийн мөнгийг хууль бусаар луйвардагчидын үйлдэл ил цагаандаа гарч, ямар ч хяналтгүйгээр цахим орчинд өргөжин тэлсээр байна.

Т.ДАРХАН