Борлогдохгүй байгаа орон сууцыг түрээслүүлж, хэн хэндээ ашигтай гарц хайж болохгүй гэж үү!

Нийтээрээ эдийн засгийн хямралын горыг амсаад удаж буй монголчуудын сэтгэл зүйд энэ сарын эхээр гаргасан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарын мэдэгдэл асар хурдтай нөлөөлөв. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Монгол Улсын валютын нөөц хасах 429 сая ам.доллартай тэнцэж байна” гэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдэгдсэнээс хойш валютын ханш гэрлийн хурдаар өсөж эхэллээ. Энэ бол гэнэтийн юм шиг. Эдийн засгийн хямрал нь улс төрийн хямралтай хосолмол шинжтэй болоод удаж байгаа нь аюул дагуулна.

Уул уурхайд суурилсан эдийн засагтай, уул уурхайн үндэстэн дамнасан корпорациуд, дэлхийн томоохон синдикатууд, глобал тоглогчид, томоохон төрүүд, хөрш орнууд, гуравдагч хөршүүдээс хамааралтай Монгол Улсын хувьд цэгцтэй, бодлого, ухаалаг, чадварлаг, залгамж чанар дутаад байна. 
Аюул айсуй гэдгийг УИХ-ын сонгуулийн өмнө олон ч эдийн засагч мэдэгдсэн дээ. Өнөөдөр эдийн засгаа яаж аврах вэ гэсэн бодол эрх баригчдын санааг чамгүй зовоох нь тодорхой.
Салбар салбар дундаас энэ хямралд барилгын салбар чангахан өртөж, үл хөдлөх хөрөнгийн зах зээл дампуурлаа зарлахад тулаад байна. Яг одоо энэ салбарт 750 гаруй тэрбум төгрөг гацчихаад байгаа нь олны анхаарлыг татаж байгаа. Энэ салбарынхан царцаасан хөрөнгөө гэсгээх, борлуулалтаа нэмэх гарц хайсан ч ямар нэгэн аврал одоохондоо харагдахгүй байна. “Ирэх 2020 он гэхэд Монгол Улсын орон сууцны нийлүүлэлтийн илүүдэл 16 мянгад хүрнэ" гэж Барилга хот байгуулалтын яам болон зах зээлийн шинжээчид тооцсон байдаг. Энэ бол тэдний 2015 оны зургаадугаар сарын сүүлчээр гаргасан судалгааны дүн. Тухайн үед зөвхөн Улаанбаатарт 189 мянга 240, орон нутагт 16 мянга орчим айл өрх орон сууц худалдан авах бодит хэрэгцээ шаардлагатай. Гэвч тэдний 31.2 хувь нь байр худалдан авах чадвартай байгаа. Тэгвэл 2020 он гэхэд орон сууцны хорооллын илүүдэл 16 мянгад хүрнэ гэж шинжээчид мэдээлж байсан юм. Өөр нэгэн баримт дурдахад барилгын салбар тэр дундаа орон сууцны барилгад хийсэн хөрөнгө оруулалт 2013 оноос эрс нэмэгдэж, 2014 онд 868.2 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэхэд ипотекийн зээл нөлөөлсөн байдаг.
Энэ оны нэгдүгээр сард Монголбанк, Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компанитай хамтран орон сууцны үнэ ханшийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэдний хийсэн судалгаагаар орон сууцны үнийн индекс 2016 оны нэгдүгээр сарыг 2015 оны нэгдүгээр сартай харьцуулахад 11.3 хувиар буурсан. Тухайлбал, 'Алтай" хотхоны орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 2014 оны арванхоёрдугаар сард 1.917.000 төгрөг байсан бол жилийн дараа буюу 2015 оны арванхоёрдугаар сард 1.705.000 төгрөг болж буурчээ. Энэ оны босгон дээр нийслэл хотод шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ нь 2.050.000 төгрөг болсон байв. Нийслэлийн хувьд орон сууцны үнэ хамгийн өндөр байгаа нь Сүхбаатар дүүрэг, хамгийн хямд өртөгтэй газарт Сонгинохайрхан дүүрэг багтаж байгаа юм.
Борлуулалт байхгүй барилгын компаниуд худалдан авагчаа хүлээгээд “буганд эврээ өгч явуулаад эргэж ирэхийг нь хүлээж байгаа тэмээ шиг" сууцгааж байгаа. Үнэ нь хадсан орон сууцыг иргэд худалдан авч дийлэх хөг нь өнгөрөөд байна. Түрүүчийн Засгийн газар сонгуулийн амлалт, иргэдийн бодит нөхцөл хоёрыг тэнцүүлэхээр 2015 онд 6500 айлын цогцолбор Буянт-Ухаа-2 хорооллыг ашиглалтад оруулсан. Энэ талаар барилгын компаниуд “Төр компаниудын ажлыг царцааж байгаад энэ хорооллыг барих хөрөнгө, газар, инженерийн дэд бүтэц, бариад худалдан авах иргэн, иргэнд хэрэгтэй мөнгө гээд бүх асуудлыг шийдсэн. Ингэж боссон байрны нэг метр квадратыг 1.2-1.3 сая төгрөгөөр зарахгүй яах вэ” хэмээн гомдолтой мэдүүлдэг. Нэг талаас нь харвал энэ гомдол байж болох ч нөгөө талдаа компаниуд орон сууцны үнээ буулгахгүй байгаа нь иргэдийн хувьд зовлон болж байсан. Буянт-Ухаа-2 хорооллын үлдсэн байрыг түрээсээр борлуулахаар зэхэж байна. Нэгэнт худалдан авагчгүй болсон байрны эрэлт хэрэгцээг тэнцүүлэх ажлыг хийхээс өөр сонголт үгүй. Орон сууцны зах зээл өөрөө ийм ядруухан байдалд тулж ирчихээд байна. Тиймээс Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан хямд үнэтэй байрыг түрээсээ төлж амьдрах боломжтой, нийгмийн бага, дунд орлоготой иргэдэд түрээслүүлж эхэлсэн. Хөтөлбөрт бага, дунд орлоготой залуу гэр бүлүүд, тэтгэврийн насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдаж байв. 
Иргэдийн орлогын байдлыг харгалзан түрээсийн төлбөрийг байрны талбайн хэмжээгээс хамаарч нийслэлд сардаа 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоож байна. Энэ нь бусад түрээсийн байрны үнэтэй харьцуулахад харьцангуй хямд. Мөн энэ хөтөлбөрт хамрагдсанаар тухайн иргэн бодит хэмнэлтийг бий болгож чадна. Хэрэв түрээсийн байранд эсвэл галладаг сууцанд амьдардаг бол иргэн таны сарын төлбөр, зардал буурч, бодит хэмнэлтээрээ ирээдүйн байрныхаа 30 хувийг төлөх хуримтлал үүсгэх юм” хэмээн мэдэгдээд байсан юм. Түрээсийн орон сууц хөтөлбөрийн журам нь манайхан шиг орон сууцны зээлийн урьдчилгаагаа бүрдүүлж чадахгүй ч байранд амьдрах хүсэлтэй иргэдэд тохиромжтой. 
Гэхдээ хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа нийслэлийнхэнд зөвхөн Буянт-Ухаа-2 хороололд байр түрээслэх боломж олдож байна. Энэ бол түрээсийн байр сонирхсон иргэдийн хувьд ёстой “аманд ч үгүй, хамарт ч үгүй” л юм. Өнөөдөр хэн түрээсийн байрны эрэлд гарч байна вэ гэвэл, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрөө хуримтлуулж чадаагүй, боломжгүй өрхүүд. Тэдэнд төрөөс санал болгож байгаа Буянт-Ухаа-2 хорооллын түрээсийн байрны нөхцөл тун дажгүй санагдаж байгаа ч нэгэнт түрээслээд эхэлсэн байраа хожим өөрийн болгох асуудлаа бодохоор Буянт-Ухаа-2 байршлын хувьд хол, талбайн хэмжээ бага гэцгээж байна.
Энэ бол барилгын салбарынханд царцаасан хөрөнгөө гэсгээх, мөнгөө эргэлдүүлж эхлэх, эдийн засгийн хямралд хөл алдахгүй байх том боломж биш гэж үү. Одоо л зах зээлд борлуулж дийлэхгүй байгаа, хамаг мөнгийг нь түгжсэн барилгуудаа түрээсээр борлуулж, төрийн хөтөлбөртэй өрсөлдөж яагаад болохгүй гэж. Одоо орон сууцны урьдчилгаа төлөх хуримтлалгүйгээс зээлд хамрагдаж чадаагүй өрхүүд мөн урьдчилгаа болон эргэн төлөлтөө хийх боломжгүй 189 мянга 240 өрх Улаанбаатарт, 16 мянга орчим нь орон нутагт үлдчихээд байгаа. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн зах зээлд 30 мянган орон сууц борлогдохгүй царцаж, асар их хэмжээний мөнгө түгжигдээд байгаа юм. Энэ бол ашиглалтад орсон орон сууцаа зарж чадахгүй эзэнгүйдүүлж, цоожлоод үхмэл хөрөнгө болгосноос хавьгүй илүү ашигтай наймаа. Тиймээс Засгийн газар түрээсийн байрыг бодлогоор дэмжиж хэн хэндээ ашигтай гарц хайх бодлого боловсруулж болохгүй гэж үү.

Эх сурвалж:

,