Орон сууцтай болох боломж буюу ипотекийн зээл үргэлжлэх нь

Залуу халуун насандаа гэр бүлтэй болж, өөрийн гэсэн орон сууцтай, унах унаатай бусдаас дутахгүй амьдрах чин хүсэлтэй хүн олон бий. Гэвч энэ мөрөөдлийг биелүүлэхэд ихээхэн бэрхшээл туулна. Ажлын туршлагагүйгээсээ болоод авдаг хэд нь бага нөхдүүд бол бүр ч хэцүү. Орон сууцтай болох гэдэг мөрөөдөл л гэсэн үг шүү дээ.
Гэтэл Монгол Улсын Засгийн газраас моргейжийн зээл гэгчийг гаргаж, цалин багатай залуустаа байртай болох боломжийг бий болгосон. Цаашлаад найман хувийн ипотекийн зээл таван хувь хүртлээ буурч, урьдчилгаа 30 хувиас 10 хүртэл буурч болох тухай яригдаж, эхний ээлжийнхэн мөрөөдлөө биелүүлээд эдүгээ халуун усаа хананаасаа аваад, паалантай жорлонд бие засаад жаргаж байна.
 
Дахиад олон хүн урьдчилгаагаа цуглуулж, байртай болох мөрөөдлөө биелүүлэх гэж байтал банкууд материал хүлээн авахаа больж, Засгийн газар орон сууцны зээл болох найман хувийн зээлийг тодорхой шалтгаануудын улмаас түр зогсоох шийдвэрийг гаргаснаар мөрөөдөл талаар болсон.
 
Иргэдийг орон сууцжуулах зорилгоор гаргасан найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг Засгийн газар арилжааны банкуудаар дамжуулан гаргасан.  Монголбанкны мэдээгээр өнгөрсөн зургадугаар сарын байдлаар 8464 иргэний 520.7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 2495 иргэний таван хувийн хүүтэй 118 тэрбум төгрөгийн, 4776 иргэний найман хувийн хүүтэй 321.4 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
 
Гэвч банкууд энэ зээлийг олгохгүй болсноо мэдэгдэж, мөнгөний эх үүсвэр, санхүүжилт байхгүй гэсэн шалтгаанаар хэзээ үргэлжлэх нь тодорхойгүй, таг зогсох нь тэр. Харин Ерөнхий сайд нэгэн сайхан мэдээ дуулгасан нь, “Засгийн газар орон сууцны найман хувийн зээлийг үргэлжүүлнэ” гэдгээ мэдэгдсэн явдал. Одоо харин урьдчилгааг хөнгөрүүлж, орон сууцныхаа үнийг жаахан тогтворжуулчихвал олон хүн мөрөөдлөө биелүүлэх боломжтой болно доо.
Эх сурвалж: mminfo.mn
,