Бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг өглөө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлж батлуулах хүртэл зарим арга хэмжээг авахаар бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг өгч, тогтоол баталлаа. Үүнд,

1.Бүх шатны төсвийн байгууллагын төсвийн урсгал зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлэхээр болов.  

2.2016 оны наймдугаар сарын 17-ноос хойш бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлахгүй, гэрээ байгуулахгүй. Энэ хугацаанаас өмнө гэрээ байгуулсан боловч худалдан авалт нь эхлээгүй арга хэмжээний санхүүжилтийг зогсоох.

3.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа болон Хөгжлийн банкны санхүүжилтээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг худалдан авахыг шинээр зохион байгуулахгүй байх. 2016 оны наймдугаар сарын 17-ны байдлаар гэрээ нь байгуулагдаагүй, ажлын гүйцэтгэл нь гараагүй, удаашралтай байгаа барилга, байгууламжийн санхүүжилтийг хойшлуулахаар болов. 

Мөн тус хуралдаанаар,  

-Оны эхний хагас жилд гамшгийн голомтод ажилласан онцгой байдлын албан хаагчид, иргэдийн томилолт, урамшуулал, мал, амьтны гоц халдварт цэцэг, гахайн мялзан өвчний улмаас зориудаар устгасан малын нөхөн төлбөр, ой, хээрийн түймэр, хүчтэй шуурганаар орон гэргүй болсон өрхөд улсын нөөцөөс олгосон иж бүрэн 40 гэрийг нөхөн бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо. 

-Өндөрхаан-Чойбалсан /143 км/, Тосонцэнгэл-Улиастай /67 км/, Цахир-Тосонцэнгэл /127.1 км/, Булган-Үенч-Ховд /60 км/ чиглэлийн автозамыг ашиглалтад бүрэн оруулахад шаардлагатай санхүүжилтийг 2016 оны төсвийн тодотголд тусгахаар болов.

-Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн санд бүртгэлтэй хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шийдвэрүүдийг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг хянан үзэж, дүнг холбогдох байгууллагад хүргүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод даалгав. Шаардлага хангаагүй шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үүргийг сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох албан тушаалтанд өгсөн байна.