"Саусгоби Сэндс" ЗГ-ын шийдвэрийг "хэт нэг талыг барьсан" хэмээн буруутгав

"Саусгоби Сэндс” компани өөрийн хөрөнгөөр "Тавантолгой”-д олборлолт хийж Монгол Улсад учруулсан хохирлоо барагдуулахаар боллоо гэсэн мэдээлэл хэвлэлийн хуудсуудыг чимсэн. Монгол Улсын Засгийн газраас тус компанийн Монгол Улсад төлөх өрийг дээрх арга замаар шийдвэрлэхээр болсон юм.

 

Харин дээрх мэдээлэлд "SouthGobi Resources” компаниас албан ёсны тайлбар хийжээ.

Тайлбар мэдэгдэлд тус компанийн охин компани болох "SouthGobi Sands” торгуулийн үлдэгдэл төлбөрийг барагдуулах, зохицуулах талаар Монгол Улсын Засгийн газраас ямар нэг албан ёсны мэдэгдэл хүлээн аваагүй байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шүүхийн шийдвэрийг үндэслэн"SouthGobi Sands” ХХК торгуулийн төлбөрөө барагдуулах мэдээлэл хоёр талын тохиролцсон эцсийн шийдвэр биш гэдгийг дурдсан байна.

Өөрөөр хэлбэл Засгийн газрын хуралдааны шийдвэр хүлээн авахгүй гэж мэдэгджээ.

Засгийн газраас "Шүүхээс улсын төсөвт 35.3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд "SouthGobi Sands” компанид ногдуулсан нийт төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7.5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20.3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан барагдуулах санал тавьсныг хүлээн авч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг "Эрдэнэс Тавантолгой” ХК-д даалгахаар шийдвэрлэлээ. "SouthGobi Sands” ХХК нь Тавантолгойн уурхайд ажиллахад холбогдон гарах тээврийн зардал, цалин хөлс, нийгмийн даатгал, байрлах байр, хоол хүнс, цахилгаан, техник хэрэгслийн засвар үйлчилгээ болон бусад зардлыг бие даан хариуцах бөгөөд "Эрдэнэс Тавантолгой” ХК-аас ямар нэгэн нэмэлт зардал гаргуулахгүй” гэх шийдвэрийг гаргасан.

Гэтэл энэ шийдвэр нь хэт нэг талыг барьсан хэмээн "SouthGobi Resources” компани үзэх, Засгийн газрыг буруутгасан байна. Өөрөөр хэлбэл хоёр тал тохиролцсон зүйл байхгүй атал хэвлэлээр ийнхүү мэдээлэл цацаж байгаа нь буруу гэжээ.

Тэгэхээр "Саусгоби Сэндс” компани манай Засгийн газрын шийдвэрийн дагуу "за” гэж хэлээд өөрийн хөрөнгөөр "Тавантолгой”-д олборлолт хийхгүй нь бололтой.Өмнөх нийтлэлд "хууль эрх зүйгээр зохицуулагддаг энэ нийгэмд "ялтан ажиллуулах” гэж байгаа мэт” гэж дурдсан шиг "Саусгоби Сэндс” компани хэдий Монгол Улсад өр төлбөртэй ч Засгийн газрын шийдвэрийн дагуу ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдлээ. Ер нь хоёр тал уулзаж, тохиролцоогүй байж дан нэг талын шийдвэр гаргачихаад түүнийгээ албан ёсных гээд байвал утгагүй л дээ. Ингэж явж байгаад л алдсан тохиолдлууд манай Засгийн газарт цөөнгүй бий. Нэг жишээ гэхэд л "Хан ресурс”-д хатуурхаж байгаад одоо өөрсдөө "төлбөр төлөөд” сууж байна шүү дээ. Хэт мэдэмхийрч, "Хан ресурс”-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагаанд нь саад учруулсны хариуцлагыг Монголын ард түмэн л төлж байна. "Хан ресурс” зөвшөөрлийг цуцалсныг буруу гэхгүй. Гэхдээ дараа нь асуудалд орчихгүйгээр аливаа шийдвэрийг гаргадаг баймаар. Ер нь шийдвэр, захирамж, тогтоол бүрээ дараа нь зөв байхаар бодож, тунгааж сурмаар. Хэдий болтол эрх хүүхэд шиг аашлах вэ. Ухааж л даа.

А.Аюуш

Эх сурвалж: undesten.mn