“Их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүй” гэсэн ч өссөөр байна

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь: “Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын захирлуудтай тохиролцоонд хүрсний дүнд энэ жил сургалтын төлбөр нэмэгдэхгүй” гэж сүр дуулиантай мэдэгдсэн. Энэ мэдээлэл гараад удаагүй байхад ШӨХТГ-аас “Ирэх хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэх бол энэ хичээлийн жилд багтаж, албан бичгээр хариугаа явуулахыг их сургуулиудын удирдлагуудаас шаардахад ганц ч захирал мэдээлэл ирүүлээгүй”гэсэн. Мөн л энэ мэдээллээрээ их дээд, сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй гэж үзсэн тухайгаа тайлбарласан. Гэвч бодит байдал дээр түүнээс тэс өөр. Хувийн хэвшлийн сургуулиуд байтугай төрийн өмчийн сургуулиуд ч энэ жил төлбөрөө нэмж байгаа талаар оюутнууд мэдээллэв

“Их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүй” гэсэн ч өссөөр байна

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь: “Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын захирлуудтай тохиролцоонд хүрсний дүнд энэ жил сургалтын төлбөр нэмэгдэхгүй” гэж сүр дуулиантай мэдэгдсэн.

Энэ мэдээлэл гараад удаагүй байхад ШӨХТГ-аас “Ирэх хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэх бол энэ хичээлийн жилд багтаж, албан бичгээр хариугаа явуулахыг их сургуулиудын удирдлагуудаас шаардахад ганц ч захирал мэдээлэл ирүүлээгүй”гэсэн. Мөн л энэ мэдээллээрээ их дээд, сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй гэж үзсэн тухайгаа тайлбарласан. Гэвч бодит байдал дээр түүнээс тэс өөр. Хувийн хэвшлийн сургуулиуд байтугай төрийн өмчийн сургуулиуд ч энэ жил төлбөрөө нэмж байгаа талаар оюутнууд мэдээллэв.

-МУИС ТӨЛБӨРӨӨ НЭМЭЭГҮЙ МЭТЭЭР...- 

МУИС-аас бид энэ жил төлбөр нэмэгдсэн эсэх талаар тодруулахад “Үгүй” гэсэн хариулт өгсөн юм. Үнэхээр төлбөрийн талаар зарим оюутнаас асуухад “Өнгөрсөн жилийнхтэй яг ижил байна лээ” гэж хариулах нь төлбөр нэмэгдээгүй мэт харагдаж байна.

Зураг: Өнгөрсөн болоод энэ хичээлийн жилийн сургалтын төлбөрийн кредит цагийн үнэлгээ

Гэвч 2015-2016 оны хичээлийн жилд МУИС-ийн Бизнесийн сургуулийн нэгдүгээр курсын нэг кредит цагийн төлбөр 96.600 төгрөг, хоёрдугаар курсийн нэг кредит цагийн төлбөр 77.300 төгрөг байна.

Харин 2016-2017 оны хичээлийн жилд хоёрдугаар курсын төлбөр 96.600 төгрөг болж өсчээ. Ингэхээр өнгөрсөн жил нэгдүгээр курсэд элсэн суралцсан оюутнуудад төлбөр нэмэгдээгүй, хэвээрээ байгаа мэт санагдаж байвч өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад нэмэгдсэн гэсэн үзүүлэлт юм.

Ингэж “сэргэлэн” аргаар төлбөрөө нэмсэнийг зарим оюутнууд мэдэхгүй, эцэг эхчүүд ч мэдэхгүй, багш нар ч мэдэхгүй, сайд дарга нар ч бас мэдэхгүй тул сүржин, даржин мэдээллээрээ оюутнуудыг хохироож байна. Ер нь МУИС-ийн удирдлагууд Сайдад “Төлбөрөө нэмээгүй” талаараа худал мэдээлэл хүргэв үү? Сайд салбараа судлаагүй, нягтлаж үзэлгүй худал мэдээлэл хийв үү гэдэг нь тодорхойгүй.

Түүнчлэн ШӨХТГ гэх байгууллагын шаардлага, сануулга тэдэнд огт хамааралгүй, энэ байгууллагын албан тоотыг тоодог ч үгүй бололтой.

-НЭМЭГДЭЭГҮЙ МЭТ ХАРАГДАЖ БАЙГАА Ч ЗАРИМ АНГИУД 20 ГАРУЙ
 ХУВИАР ТӨЛБӨРӨӨ НЭМСЭН-

Бид МУИС-ийн Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга З.Эрдэнэбаяраас зарим зүйлийг тодруулсан юм.

-МУИС-ийн төлбөр нэмэгдээгүй гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарах боллоо. Бодит байдал дээр нэмэгдсэн үү?

-Энэ жил зөвхөн ШУС-ийн нэгдүгээр түвшний /нэгдүгээр курс/ төлбөрийг нэмээд, бусад төлбөрийг нэмэхгүй гэсэн шийдвэрийг Удирдах зөвлөлийн хурлаас гаргасан. Бид яг өнгөрсөн жил дөрөвдүгээр курсийнхэн төлж байсан төлбөрийг энэ жилийн дөрөвдүгээр курсийнхэн ч мөн төлнө гэж ойлгосон. Гэтэл өнгөрсөн жилийн дөрөвдүгээр курсийн оюутнууд нэг кредит цагт 50.100 төгрөг төлж байсан бол энэ жилийн дөрөвдүгээр курсийнх 63.400 болж нэмэгдсэн.

-Яагаад ингэж нэмэх болсноо тайлбарласан уу?

-Асуухад өнгөрсөн жилийн гуравдугаар курсийн оюутан энэ жил дөрөвдүгээр курс болж байгаа. Иймд ноднин гуравдугаар курстээ төлж байсан төлбөрөө төлөх ёстой болж байна. Тиймээс төлбөр нэмэгдээгүй байгаа гэж үзэж болно гэх хариулт өгсөн. Өнгөрсөн жил дөрөвдүгээр курстээ 50.100 төлж байсан хүүхэд хуучин хөтөлбөрөөрөө төгсөөд явсан, одоо шинэ хөтөлбөртэй гэж байгаа.

-Уг нь курс ахих тусам кредит цагийн мөнгө багасах журмаар явдаг биш билүү?

- МУИС-д тийм шиг байсан л даа. Одоо бид ингэж хэлэхээр “Юу гэж тэгэх юм. Манайх шинэ хөтөлбөрөөр явж байгаа” гэдэг.

-Оюутнууд ямар байр суурьтай байгаа вэ?

-Хуучин жишгээр анги ахих тусам төлбөр багасах ёстой гэдэг байр суурин дээр байгаа. Наанаа нэмэгдээгүй харагдаж байгаа ч цаагуураа зарим ангиуд нь 20 гаруй хувиар нэмэгдсэн. Үүнийг санхүүгийн нэг арга гэж ойлгож байна.

-Төлбөрийн талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа. Нэмж хэлэх зүйл бий юү?

-Суурь хураамжийн талаар хэлэх нь зүй ёсны хэрэг. Манай МУИС нэг жилд 224.000 төгрөг бакалаврын ангиудаас, мөн магистр докторын ангиудаас 336.000 төгрөгийг улирал бүр авдаг. Энэ мөнгөөр МУИС-ийн суралцагчийн суралцах эрхийг хадгалах (чөлөө авч байгаа оюутнууд бололтой.сурв)  нийтлэг үйлчилгээтэй холбоотой зардлаас бүрдэнэ. Энэ нь эрдмийн хамт олон багш профессор, бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн суралцагчдад үзүүлдэг төвлөрсөн үйлчилгээ, номын сан / ном бүрдүүлэлт, олон улсын сэтгүүлийн онлайн эрх, номын сан болон оюутны бие даах төвийн ажилтны цалин хөлс, мэдээлэл, програм хангамжийн үйлчилгээ, сургалтын үйл ажиллагаатай холбогдсон нэгдсэн үйлчилгээ, захиргаа, удирдлагын зардлын тодорхой хувь хэмжээ, сургалтын орчин сайжруулах, (хангамж үйлчилгээний алба, үйлчилгээний ажилчдын цалин хөлс, үйл ажиллагааны зардал, МУИС-ийн хөрөнгөөр баригдаж буй барилга байгууламж, оюутны болоод хичээлийн анги танхимын их ба урсгал засвар,сурах орчны тохижилт, сургалт, судалгаа болоод бусад тоног төхөөрөмжийн элэгдэл), оюутны мэдээллийн үйлчилгээ (оюутны гарын авлага, холбогдох мэдээлэл, мэдээлэл технологийн үйл ажиллагааны төсөв, сургалтын мэдээллийн системийн үйл ажиллагаа, программ хөгжүүлэлт, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл) зэргийг санхүүжүүлдэг гэх тайлбар өгдөг. Бид энэ суурь хураамжийн мөнгийг хураах ёсгүй гэдэг тал дээр хатуу байр суурьтай байгаа.

-Энэ мөнгөө дээрх зүйлстээ зарцуулдаг болов уу?

-Энэ төрийн өмчийн сургууль төрөөс санхүүжилт авч зарим урсгал засвар гэх мэтээ хийх ёстой байдаг. Янзалсан зүйлс бараг байхгүй. Багш нар нь гадаадаас хэдэн төсөл зэргийг олж байж зарим анги танхимаа өөрчилсөн. Дээд боловсролын шинэчлэлээр ганц нэг лабратори байгуулсан. Өөр өөрчлөгдсөн зүйл үгүй.

Б.ГЭРЭЛ