Дэлхий улс орнуудын шинэ жилийн сонин хачинаас

Дэлхийн улс орнууд шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ

Аргын тооллыг баримтлагч барууны орнууд жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нийг ирж буй шинэ оны угтал болгон тэмдэглэсээр иржээ. Монголчуудын хувьд билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг шинэ оны эхэн гэж бэлгэдэн тэмдэглэсээр хэдэн зууныг үдсэн. Гэвч  өнгөрсөн зууны 20-иод оны  эцсээс аргын тооллын шинэ жилийг тэмдэглэж эхэлсэн. Шинэ жилийг анх тэмдэглэж эхлэхдээ хойд туйлын цагаан сахалтай өвгөн, цасан охидын хамт ирж бэлэг тараадаг байсан бол сүүлийн хэдэн жилээс цагаан сахалтай, улаан хувцастай залуус тэрхүү өвгөнийг орлох болов. Санта Клаус айл гэрээр орж, бэлэг тараагаад дуулж бүжиглэх нь бий. Энэ мэтээр шинэ жилийг угтах, тэмдэглэх ёс, улс улсын аж төрөл, зан үйл дэлхий дахины жишигтэй холбоотой болсон байна.

Ингээд дэлхийн зарим улс  оронд шинэ жилийг яаж угтаж, хэрхэн тэмдэглэдэг тухай сонирхуулъя.
 
Еврейчүүдийн шинэ оны баяр
 
Аливаа улс оронд шинэ жилийн баяр нь нэг жилийн амьдрал, ажил үйлс өнгөрч, шинэ оных нь эхлэх, хүний нас нэмэгдэх цаг хугацааны зааг үе байдаг. Еврейчүүд энэ баяраа «Рош Ха-Шана» гэж нэрлэдэг бөгөөд Песаха ёслолоос 163 өдрийн хойно, есдүгээр сарын 5-аас хойш, аравдугаар сарын 5-аас өмнө тэмдэглэдэг. Энэ өдрийн дараа тэд арав хоногийн турш сэтгэлийн гүн рүүгээ нэвтрэх, ариусан бясалгах үйл хийдэг бол дараагийн арав хоногийг шүүн тунгаах, «Иом Кипур» буюу бурханд эргэж очих өдрүүд хэмээн нэрийдэж дагадаг байна. Баярын өдрүүдэд алим болон хал жимсийг зөгийн баланд дүрэх ёстой.
 
Хятадын шинэ жил
 
Хятадад шинэ жилийн эхний өдрийг галын наадам, алиа салбадай болон дэнлүү, тэслэх цаасан пуужингүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Галын наадмаараа айл бүр муу ёрын сүнсийг хөөн зайлуулж, аз жаргал, баяр баясгаланг гэртээ урин залдаг гэж үздэг. Хятадад «Синьянь жил» хэмээн нэрийддэг байжээ. Харин 1911 оны Синьяны хувьсгалын дараа энэхүү баяраа Европ дахины шинэ жилийн баяраас ялгаруулахын тулд шинэ хуанли зохиож, хаврын баяр буюу Чуньцзе хэмээн нэрийдэх болжээ.


 
Казахын нарны баярын уламжлал
 
Адай овог аймгийнхнаас осад казахууд шинэ жилийн баяраа гуравдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэдэг бөгөөд «Наурыз» хэмээн нэийддэг. Казахын Адай овог аймгийнхний адайчууд болон мангыстау хавийн оршин суугчид гуравдугаар сарын 14-ний өдөр шинэ оны баяраа тэмдэглэдэг байна.


 
Орос шинэ жил
 
Славянчуудын энэ баяр МЭӨ XV зууныг хүртэл Юллианы тооллын дагуу жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдөр тохиодог байсан ажээ. Харин 1348 онд Москва хотноо шинэ оныг гуравдугаар сард биш харин есдүгээр сард тэмдэглэж байх тушаал гарчээ. XVIII зуунд Европын бараг бүх католик шашинтай ард түмэн Григорийн тоололд шилжсэний дараа Орос оронд Европын баяртай адил 1919 оноос эхлэн Григорийн тооллыг мөрдөж шинэ оныг тэмдэглэх болжээ.


 
Шотландын аз жаргал
 
Шотландад шинэ, хуучин жил солигдоход торхон дотор давирхай шатааж гудамжаар өнхрүүлдэг. Шөнийн 00 цаг болмогц  гэр бүлийн хамгийн нэр хүндтэй хүн хэсэг зуур үүдээ онгойлгодог. Энэ нь шинэ оныг гэртээ урьж буй хэрэг гэнэ. Айлд шинэ жилийн өглөө хамгийн түрүүн орж ирсэн хүнийг аз жаргал авчирлаа  гэж хүндэтгэн зочилдог байна.


 
Францын хэрчим мод
 
Францад шинэ жилээр айлд уригдсан зочид тэр гэр бүлийнхэнд анхаарал тавьсны тэмдэг болгож хэрчим мод авчирдаг. Шинэ жилийг угтан хүүхдүүд цасан хүн хийж, тойрон бүжиглэдэг. Хийсэн цасан хүн нь хамгийн сүүлд хайлсан хүүхдийг хамгийн азтайд тооцдог.


 
Финляндын баяр
 
Финляндад өвлийн өвгөн айлд зочлоод «Энд томоогүй хүүхэд бий юу?» гэж асууна. Тэгээд зөвхөн дуулгавартай хүүхдэд бэлэг өгдөг гэнэ. Финчүүд шинэ жилийн шөнө сармисыг зөгийн балтай хольж иднэ. Нөхөрт гарах охид нуруугаараа хаалга налан зогсоод гутлаа тайлан мөрөөрөө давуулан шиднэ. Гутал нь хаалга хамраараа мөргөж унасан бол гарч байгаа онд хурим болно гэж бэлгэддэг ажээ.



Энэтхэгт шинэ оныг нар мандахад угтдаг
 
Энэтхэгт шинэ жилийг щөнө дунд биш нар мандахад угтдаг. Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр, хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хүн бүр эрхэмлэнэ. Уурлаж, маргасан хүн жилийн турш өөдлөхгүй гэж үздэг. Тийм учраас босгоныхоо өмнө зочломтгойэзний тэмдэг болгож өнгөт зураг тавьдаг байна. Он солигдох шөнө, хүүхдүүдэд өгөх бэлгээ тусгай тавиур дээр бэлтгэнэ. Шинэ оны өглөө хүүхдүүд нүдээ анин тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай. Шинийн нэгний өглөө Энэтхэгчүүд аз жаргалын бурхан - лашмид мөргөдөг.


 
Германы гэр бүлийн баяр
 
Германд шинэ жилийг голдуу гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ. Хуучин оныг үдэх мөчид гэр бүлээрээ цуглаж хэн нэгэндээ бэлэг өгдөг. Тэдний  нэг онцлог нь 12 сарыг төлөөлүүлэн 12 сонгины үндсийг ухаж аваад давс хийж тавьдаг. 12 цагт сонгиноо үзэхэд аль сарынх нь давсыг бүгдийг нь уусгасан байна тэр сарыг хур бороотой, уусгаж чадаагүй нь гантай болно гэж таамагладаг.


 
Унгарын уламжлал
 
Унгарт шинэ жилд зориулсан идээ будаалгад шувууны мах огт тавьдаггүй. Эртний энэ уламжлал ёсоор шинэ жилээр шувууны мах идвэл тэр хүний аз жаргал нисээд явчихна гэж үздэг
 
Бразильд сүүгээр мялаадаг
 
Бразильд шинэ жилээр ойд ургадаг модны сүүгээр мялаахыг эрхэмлэдэг. Тус модноос нэг удаа 2-4 л сүү гардаг байна. Шинэ жилийн өмнө тус модны сүүг ууж жирийн байдлаар тэмдэглэнэ.


 
Өмнөд Африкийн ургацын баяр
 
Өмнөд Африк шинэ жилийн баярыг голдуу ургацын баяртай хамт тэмдэглэдэг. Омог омгоороо ойн цоорхойд цугларан хагас дугуй хэлбэрээр суухад омгийн ахлагч нь бүжиг хийж дуусаад гартаа барьсан хулууг хага шидэхэд хүн бүр түүний хэсгээс амсан эцэтлээ бүжиглэдэг байна.
 
Ираны шинэ оны баяр
 
Иранчууд төдийгүй Иран, Персийн хуанлиг дагадаг хүмүүс “Новруз” / Перс хэлнээс орчуулбал “шинэ өдөр”/ буюу шинэ жилээ гуравдугаар сарын 21-22-нд эсванда сарын 30-наас шахривара сарын 1-нд шилжих шөнө, хаврыг угтан өргөн тэмдэглэдэг байна. Новруз нь байгалийн сэргэн мандалтын бэлгэ тэмдэг болдог.
 
Англид захиа бичдэг
 
Англи улсад шинэ жилээр “Fatter new year” гэгчид захиа бичдэг, түүндээ зөвхөн бэлэг сэлтийн зүйл төдийгүй хүсэл бодлоо ч илчилнэ. Бичсэн захиагаа пийшиндээ хийж шатаадаг аж. Пийшингээс гарч буй утаа шинэ жилийн эцэгт захисан бүгдийг хүргэдэг гэж тэд үздэг байна. Энэ нь уламжилсаар бие биедээ шинэ оны мэнд дэвшүүлсэн ил захидал бичих болсон гэдэг.