Ардчилал.мн сайт 2016 оны Оны онцлох есөн үйл явдалыг нэрлэлээ

 НАЙМДАХЬ СОНГУУЛЬ

Төрийн эрх барих дээд байгууллага парламентаа бүрдүүлэх наймдахь удаагийн сонгууль өнгөрөгч 6 сард болж МАН-ын нам үнэмлэхүй ялалт байгууллаа. Тодруулбал 76 суудлын 65-ыг нь МАН авсан бол 9-н суудлыг нь АН-ынхан авсан юм. УИХ-ын сонгууль жижиг 76 тойргоор зохион байгуулагдаж, 12 нам, гурван эвсэл, 68 бие даагч нийт 498 нэр дэвшигч өрсөлдсөн. Нийт нэр дэвшигчдийн 129 нь эмэгтэй нэр дэвшигч байснаараа бас нэг онцлог.  Сонгуулийн тухай хуульд заасан эмэгтэйчүүдийн квотын дагуу Ардчилсан нам, МАН тус бүр 16 эмэгтэй нэр дэвшигчийг дэвшүүлсэн юм.

АТГААД АЛДСАН ХҮРЭЛ МЕДАЛЬ

Рио-2016 зуны олимпийн 31 дэх удаагийн наадам энэ жил мын Бразил улсад зохион байгуулагдсан. Манай баг тамирчдаас жүдо бөхийн 57 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин Долгорсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль хүртсэн юм. Мөн Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медаль атгаад алдсан харамсалтай үйл явдал ч болсон. Харин паралимпийн пауэрлифтингийн тэмцээний эрэгтэйчүүдийн 88 кг-д ОУХМ Э.Содномпилжээ жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг жинд Болормаагийн Ууганхүү нар хүрэл медаль хүртэж эх орныхоо төрийн далбааг мандууллаа.

МОНГОЛ НААДАМ

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам ЭНЭ ЖИЛ ТОХИОЛОО. Дэнж хотойтол нааддаг Монгол түмний наадмын нээлтийн ёслолд 3000 гаруй уран бүтээлч оролцсон нь нөр их хүний хөдөлмөр шингэсэн арга хэмжээ болсон. Дөрвөн тэгш ой давцхсан их баяр наадмаар 1024 хүчит бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харьяат "Алдар" спорт хорооны бөх улсын заан Ч.Санжаадамба түрүүлж аварга, Архангай аймгийн Булган сумын харьяат улсын өсөх идэр начин Пүрэвдагва үзүүрлэж арслан цолуудыг тус тус хүртлээ. Ийнхүү төрийн наадмын үзүүр, түрүүгээр нэг аймгийнхоёр бөх тодорлоо.

АСЕМ-ИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ

Монгол улс анх удаа Ази Европын дээд хэмжээний уулзалтыг эх орондоо амжилттай  зохион байгууллаа. Энэ уулзалтанд 20 мянган хүн оролцож, үүнээс гадна 9000 орчим хүн ажиллаж 1100 орчим сайн дурынхан цалин хөлсгүй ажиллалаа.  Монгол улс тэр чигтээ хөдөлсөн уулзалтанд Ази Европын томоохон төлөөллүүдийг хүлээн авахын тулд 400 гаруй автомашин  унаа тэргийг зохицуулан ажиллаж хувийн хэвшлийн төлөөллүүд хандив тусламжаа өргөлөө. Энэхүү том арга хэмжээг сурвалжлахаар гадны 670 , дотоодын 120 хэвлэл мэдээллийн байгууллагынхан ирснээр дэлхийд Монгол улсыг сурталчилах томоохон боломж тохиосон юм. Ингэснээр Монгол улсын чадал чансааг дэлхий дахинд таниулсан үйл явдал боллоо.  11 дэх удаагийн чуулга уулзалтад 11 улсын төрийн тэргүүн, 23 улсын ерөнхий сайд болон Шадар сайд, 17 улсын засгийн газрын гишүүн болон тусгай элч оролцож дэлхийн тавцанаа Монгол улсын нэр хүндийг өргөлөө.

ЭРДЭНЭТ 100 ХУВЬ МОНГОЛЫН МЭДЭЛД

 Монгол Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжлээ. ОХУ-ын "Ростех" компанийн эзэмшиж байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компани эзэмшихээр болсон бөгөөд ХХБ-ны төлөөний компани болох "Монголын зэс" компани энэ хувийг эзэмшиж байна. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийг дагасан бүх барилга байгууламж Монгол Улсад шилжих, Монгол Оросын хамтарсан "Монросцветмет" компани энэ жишгээр 100 хувь Монгол Улсын аж ахуйн нэгж болж байгаа зэрэг давуу талтай юм. Араасаа хэл ам дагуулж байгаа ч ямартаа ч Монгол Улсад ашигтай худалдан авалт болсныг эдийн засагчид онцолж байгаа юм.

 

ОЮУ ТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Оюутолгойн ордыг ашиглах үйл ажиллагааны шинэ шатны гараа болох гүний уурхайн  төслийг эцэслэн баталж, гүний уурхайн бүтээн  байгуулалт эхэллээ. “Энэхүү төсөл бүрэн хүчин чадлаараа ажил­лахын тулд газрын гадар­гаас доош 1300 метрийн гүнд 200 км үргэлжлэх хонгилыг 5-6 жилд хөндлөн малтаж, олбор­лолтод бэлт­гэн барих зорилт, шаардлага танай баг хамт олон, дотоод, гадаадын хувь ний­лүү­лэгч, хөрөнгө оруу­лагч, санхүүжүүлэгч на­рын өмнө тавигдаж байгааг албаны хүмүүс дурдаж байсныг онцлох хэрэгтэй. Энэ бүтээн байгуулалт ийнхүү хэрэгжсэнээр Оюу­толгойд ажиллах ажилч­дын тоо нэмэг­дэж, үйл ажил­лагаа нь өргөжихийн хэрээр эдийн засагт сайн нөлөө үзүүлэх, Монгол Улсын талаар эерэг мэ­дээлэл дэлхий даяар тархаж байгаа юм.

МАЛЫН ТОО ТОЛГОЙ ӨСЛӨӨ

Мал тооллогын энэ оны урьдчилсан дүнгээр 2016 оны эцэст малын тоо 61 542,0 мянгад хүрч, өмнөх оныхоос 5 562,3 мянган толгойгоор буюу 9,9 хувиар өслөө. Малын тоогоор Өвөрхангай аймаг 5,208,6 мянга, Хөвсгөл аймаг 5,089,6 мянга, Архангай аймаг 5,009,4 мянга, Төв аймаг 7,704,7 мянга, Баянхонгор аймаг 4,236,3 мянган малтайгаар тэргүүлж байна.

ХАМГИЙН АРВИН УРГАЦ

2016 оны ургац хураалтын дүнгээр Улсын хэмжээнд нийтдээ 475,8 мянган га талбайд үр тариа,  үүнээс 460.7 мянган тонн буудай, 153.7  мянган тонн төмс,  93.5 мянган тонн хүнсний ногоо хурааж авсан. Ингэснээр хүнсний улаанбуудай, төмсний дотоодын нийт хэрэгцээг 100 хувь хангах ургацыг хурааж авсан юм. Өмнө нь хүнсний ногооны хэрэгцээний 40-50 орчим хувийг хангаж ирсэн бол энэ жилийн хувьд 54 хувийг хангахуйц хэмжээний хүнсний ногоог хурааж авсан байна. Мөн энэ жилийн хувьд аж ахуйн нэгж, иргэд 45.5 мянган тонн үр нөөцөлж, ОБЕГ 1,300 гаруй тонн үрийн буудай,  Тариалан эрхлэлтийг дэмжих сан 2,000 гаруй тонн үрийн буудаг нөөцлөж, Аж ахуйн нэгж, иргэд 388.9 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн нь өндөр үзүүлэлт юм.  

 ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА

Өнгөрсөн их хурлын үед өргөн баригдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг энэ удаагийн УИХ намрын чуулганы нэгдсэн хуралдаанаараа баталлаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсантай холбоотой Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Хүүхэд хамгаалах тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэсэн дөрвөн хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Хууль зүйн байнгын хорооноос гаргасан. Байнгын хороо дээрх дөрвөн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг гишүүд дэмжиж, ингэснээр тэдгээр хуулийн төсөл анхны хэлэлцүүлгээр батлагдлаа.