Пак Гын Хег зочноо тансаг хоолоор дайлсан хэмээн шүүмжлэв

Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе өөрийн харъяалагддаг Сенүри намын шинэ даргыг хүлээн авч уулзан, хүндэтгэлийн зоог барьжээ. Тэрээр зочноо "трюфель” хэмээх Европын орнуудад маш ховор ургадаг нэгэн төрлийн амтат мөөг бүхий хоолоор дайлсан байна. Пак Гын Хегийн сөрөг намын гишүүд энэхүү хүндэтгэлийн зоог хэт үнэтэй төдийгүй тансаг байсныг шүүмжилж байгаа аж.

Тэд шүүмжлэлдээ "Улс орны хэмжээнд өргөн хэрэглээний барааны үнэ өссөн, иргэд мөнгөө хэмнэх үүднээс халуун өдрүүдэд сэрүүн агаар үлээгч биш харин сэнс хэрэглэн өдөр хоногуудыг өнгөрөөж байна. Энэ үед Ерөнхийлөгч Пак Гын Хе гадаадаас импортлогдсон, 500 грамм нь нэг сая воноор үнэлэгддэг тансаг хоолоор намынхаа даргыг дайллаа. Иргэдийн төлсөн татвар тэдний тансаг хэрэглээнд зарцуулагдаж байгааг буруушааж байна" хэмээн мэдэгджээ.