ТАЛХ БА ЦАЛИН

Талх

        Сонгуулийн өмнөхөн монголчууд тал талх худалдан авдаг болсон талаар бөөн шуугиан болсон. Долоон буудлын Должин гэх эмээгээр жишээ аваад л ядуурал улам газар авч,

монголчууд  талх таллаж авдаг болсон талаар нийтээрээ гайхацгаав. Гэтэл яг үнэндээ Долоон буудалд Должин эмээ байдаг ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Тэр эмээ яг талх таллаж авсан талаар баттай эх сурвалж байсангүй ээ. Ер нь эдийн засгийн өсөлт бууралтад Долоон буудлынхан тэр дундаа Должин гэх эмээ байнга өртөөд байдаг нь гэм биш зан.

        Должин эмээ яг тал талх худалдан авч идсэн баталгаа байхгүй ч ер нь монголчууд нийтээрээ талхны хэрэглээгээ танасан аж. Тухайлбал, Үндэсний статистикын хорооноос гаргасан энэ оны хоёрдугаар хагасын тоон мэдээллээс харахад иргэд хүнсний зардлаа өнгөрсөн оныхоос 10 хувиар танажээ. Үүнийг задалж үзвэл иргэдийн ихэнх нь мах, махан бүтээгдэхүүнд зарцуулах зардлаа 30 хувиар, тээврийн зардлаа 8 хувиар, харилцаа холбооны зардлаа 9 хувиар тус тус танасан аж. Тэгэхээр иргэд яг тал талх худалдан аваагүй ч хүнсний хэрэглээгээ өмнөхөөсөө танасан байна. /Зарлагын дэлгэрэнгүйг графикаас харна уу/

20160819 002
 


Цалин

        Иргэд энэ мэт хэрэглээгээ танасан нь орлого нь огцом багассантай холбоотой. Энэ байдал өнгөрсөн оноос ажиглагдаж эхэлсэн бөгөөд ажилтай орлоготой монголчуудын зарлага нь орлогоосоо давж ихэнх иргэд хуримтлал үүсгэх чадваргүй болсон бол он гарсаар иргэдийн орлого, зарлага нь зэрэг буурсан байна. Хамгийн хачирхалтай нь иргэд хүнсний хэрэглээгээ таначихаад байхад л зарлага нь орлогоосоо давсаар байна.
Учир нь, иргэдийн цалин огцом буурсаар л байна. Тухайлбал оны эхэнд сарын хэрэглээ нь 700 мянгыг давдаг өрхийн тоо буурсан байхад 700 мянгаас дооших хэрэглээтэй өрхүүдийн тоо огцом нэмэгджээ. Тэр дундаа 300 мянга хүртэлх төгрөгийн орлоготой өрхийн тоо 33 хувиар нэмэгдсэн байна. Харин хоёрдугаар хагасын байдлаар Монгол Улсын нийт өрхийн 20 орчим хувийг 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх бүрдүүлж, хамгийн бага орлоготой буюу 300 мянгаас доош орлоготой өрх нийт өрхийн 13.8 хувьд хүрчээ. Ингээд харахаар иргэд тал талх арай аваагүй юм аа гэхэд тал цалин авдаг болсон байна. Бодит байдал ийм байхад шинэ Засгийн газар дахиад цалин хасна гэх.

        Цалин хасах сургаар сайн, муу мэдээ зэрэг чих дэлсэв. Сайн нь том дарга нарын цалинг хасах байсан бол муу мэдээ нь бас л дарга нарын цалинг хасахтай холбоотой байв. Учир нь, Засгийн газрын хуралдаанаар өнөөх том дарга нарын цалинг хэрхэн хасахаа мэдэгдэв. Үүнд: 1 сарын 5-10 сая төгрөгийн цалин авдаг бол 30 хувь, 10-30 сая төгрөгийн цалинтай бол 50 хувь, 30 сая төгрөгөөс дээш цалинтайг нь 60 хувь бууруулахаар шийдвэрлэсэн гэдгээ мэдэгдсэн юм.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захиралууд ийм цалин авдаг бөгөөд тэдний цалинг хаслаа хаслаа гээд 7-12 сая төгрөгийн цалинг сар бүр авах нь. Гэтэл Монголын нийт өрхийн ихэнх нь /Нэг өрхөд дунджаар 3-5 хүн ноогддог/ 300-500 мянган төгрөгөөр өл зогоож байна.

,