Сири хүүгийн зураг дэлхий нийтийг цочирдууллаа

Сүүлийн хэдэн өдрийн турш Сирийн Алеппо хот агаарын цохилтод өртсөн талаарх мэдээлэл барууны хэвлэлүүдээр гараад байсан.

Тэгвэл агаарын цохилтын улмаас сүйтгэгдсэн барилгын нуранги доороос аврагдсан бяцхан Сири хүүгийн зураг өчигдөр цахим ертөнцөөр тархсан нь дэлхий нийтийг цочирдуулж байна.

Бяцхан хүүг Омран Данеш гэдэг бөгөөд тэрээр таван настай. Алеппо хотын Катержи дүүрэгт эцэг эхийн хамт амьдардаг байжээ. Оросын армийнхан агаараас цохилт өгсний тус дүүргийн ихэнх байшин барилга сүйдсэн. Омран хүүгийн аав, ах дүү нар нь мөн нурангин доор байхад аврах багийнхан олсон гэж The Telegraph мэдээллээ.

Аврах багийнхан анх Сири хүүг олоход тэрээр цочролд орсон байдалтай, нүүр болон бие нь бүхэлдээ цус болон тоос шороонд дарагдсан байжээ. Эмч нарын мэдээлж буйгаар Омран хүү толгойдоо хүнд бэртэл авчээ.

Түүний зургийг анх Их Британийн сэтгүүлч Раф Санчез өөрийн твиттер хуудаснаа байрлуулсан нь олон нийтийн анхаарлыг татаж, 10 мянган хүн жиргэсэн юм. Хүмүүс хоёр хэсэгт хуваагдан Сирийн хямралд ОХУ-ыг буруутгаж байсан бол зарим хэсэг нь НҮБ хаана байна вэ гэсэн асуултыг тавьж байв.

Сирийн иргэний дайн 2011 он эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 250 мянган хүн амь насаа алджээ. Түүнчлэн албан бус тоогоор иргэний дайны улмаас 11 сая гаруй хүн хөрш зэргэлдээ болон Европын орнууд руу дүрвэсэн гэдэг.

Сануулахад Сирид болж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас энхийн амьдрал хайж Туркээр дамжин Европ руу тэмүүлсэн эцэг эхтэйгээ хамт явж байсан гурван настай Айлан хүүгийн цогцос Туркийн Бодрумын эргээс олдсон билээ.

Тэр даруйдаа цахим ертөнцөөр тарсан тус гэрэл зураг нь дэлхий нийтийн анхаарлын төвд орж, Ойрхи Дорнод болон Африкийн дүрвэгчдийн асуудлаар хүмүүсийг хоёр хуваагдахад хүргэж байсан.

Эх сурвалж: ВВС