272 хүнийг усанд осолдохоос аварчээ

Гол, усны аюулын тоо, хохирлыг бууруулах, ард иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, тусламж үзүүлэх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай”, “Бэлэн байдлыг хангах тухай” албан бичгийг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудад хүргүүлэн, үүрэг өгч ажиллаж байгаа билээ. Тэгвэл тус үүргийн хүрээнд Онцгой байдлын газар, хэлтсүүд ОБГ-ын ГХУХБайцаагчийн албан мэдэгдэл 104-ийг сумдын Засаг дарга нарт хүргүүлж, сэрэмжлүүлэх мэдээллийг мессежээр 50832 иргэнд хүргэж, 386 удаа үер усны ослоос урьдчилан сэргийлэх сэдвээр сургалт зохион байгуулж 11586 иргэнийг хамруулсан байна.

Мөн төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн албан хаагчид орон нутгийнхаа үер усны аюулд өртөж болзошгүй газруудад 226 усны ослоос урьдчилан сэргийлэх, анхааруулах самбар шинээр байршуулжээ.

Гол усны ай сав газар аялал зугаалгаар явж буй иргэд болон зусаж байгаа айл өрхүүдийн 43457 иргэнд болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэг тарааж, үер усанд автаж болзошгүй 250 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, 272 хүнийг усанд осолдож эндэхээс аварсан байна.

Түүнчлэн голын ай сав газруудад албан хаагчид эргүүл хийх хугацаандаа 26154 иргэнд усны ослоос урьдчилан сэргийлэх талаар яриа таниулгыг биечлэн хийж, заавар зөвлөмж өгч ажиллаж, орон нутгийн мэргэжлийн албадтай хамтран үерийн ус зайлуулах 75 суваг шуудууг сэргээн засварлажээ.

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар төв, орон нутгийн телевизээр 441 удаа, FM радиогоор 177 удаа, урсдаг самбар, лед дэлгэцээр 1588 удаа, сонин хэвлэлээр 66 удаа, сайтад 28 удаа мэдээлэл байршуулан ард иргэдэд хүргэсэн байна.