Гадаадад Монголын 130 иргэн ял эдэлж байна

Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэнээр баталлаа. УИХ уг хэлэлцээрийг соёрхон баталснаар Хонконгт ял эдэлж байгаа монгол иргэдийг эх оронд нь шилжүүлэн авч ял эдлүүлэх боломж нээгдэх юм.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд Монгол Улсын хэчнээн иргэн гадаадад ял эдэлж байгаа, мөн Ш.Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн гадаадын иргэн Австралид амьдарч байгаа тухай мэдээлэгдэх болсон тул гэм бурууг нь хүлээлгэх талд Хууль зүйн яам хэрхэн ажилласан талаар тодрууллаа.

Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тайлбараар бол 2012 оноос хойш гадаад орнуудад Монгол Улсын 300-гаад иргэн цагдан хоригдсоноос 130 нь ял эдэлж байгаа аж. Хонконгт есөн иргэн ял эдэлж байгаагийн зургаа нь хар тамхины хэргээр, гурав нь хулгайн хэрэгт холбогдолтой юм байна.

Мөн Ялтан шилжүүлэх гэрээний дагуу Хятад, Казахстан, Оросоос дөрвөн ялтныг шилжүүлэн авчээ.

Малайзад амь насаа алдсан эмэгтэйн тухайд Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Эх, эцэг нь уулзсан. Ял авсан нөхөр нь Австрали гараад явсан байгаа тул ял эдлүүлж өгөх асуудлыг шийдэж өгөөч гэсэн. Гурван сарын өмнө Австралын Ерөнхий сайдтай уулзах үеэрээ хохирогчийн ийм гомдол байна гэдгийг хэлсэн. Малайзын засгийн газарт асуудал тавина, манай засгийн газар ийм асуудал дээр хатуу байр суурьтай ханддаг, цаашид асуудал болгоно гэдгийг хэлсэн” гэдэг тайлбар хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Хонконгт манай хэдэн хүмүүс олон улсын үзэсгэлэнгээс хулгай хийсэн гээд асуудал үүсэж байсан. Тэд ял эдэлж байна уу, эсвэл цайрсан уу. Хар тамхи харанга дэлдэж байгаа, эцэг, эхчүүд хүүхдээ энэ асуудалд орооцолдохоос сэргийлж хол хөндий явуулах. Арав гаруй жилийн өмнө БНХАУ-ын нэг мужид очиход монгол эмэгтэй хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт орсон байсан, Монгол руу ч мөн хар тамхи нэвтрээд байдаг. Ийм асуудлыг ялтан шилжүүлэх хэлэлцээрийг хийхдээ ойлгуулах, Ялтан шилжүүлэх гэрээг дэмжин, аль болох олон оронтой байгуулж, иргэнээ шилжүүлж авах ёстой байна.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Хулгайн хэргээр Хонконгт 4 жилийн ял авсан дөрвөн хүн ялаа эдэлж байгаа. Хар тамхины хэрэгт холбогдсон иргэд бүгд л мэдэхгүй байсан гэдгээ хүсэлтдээ бичсэн байдаг. МИАТ компанийнхантай уулзах үеэрээ ачаа тээшинд авч яваа зүйлийнх нь талаар анхааруулж болохгүй юу гэсэн. Өөр хүний ачаа байхгүй биз гэдэг олон улсад тавьдаг стандартын дагуух асуулга байгаа гэж байсан. Хар тамхины хэрэг болоод бусад хэргээс сэрэмжлүүлэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллээр дамжуулж байнга хүргэж байгаа” гэсэн хариулт өглөө. 

Дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томъёоллоор санал хураалган, гишүүдийн 75.6 хувийн саналаа дэмжин бүхэлд нь баталлаа.

Их сурвалж:www.news.mn