Олимпийн гурван шинэ аварга төрлөө

Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадмын эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээний 53, 63, 75 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаан пүрэв гаригт /2016.08.18/ болж өндөрлөлөө.

53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа “Б” хэсэгт нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Польшийн бөх Катарзина Кравчуктай барилдах үедээ хөлдөө алдаж оноо алдсаар 6:8 онооны харьцаагаар ялагдав. Олимпийн дэвжээнд өрсөлдөгчөөсөө 2 оноогоор илүү байхдаа барилдаан дуусахаас 20 секундын өмнө зүүн хөлөө алдан ардаа гаргаж 2 оноо алдаж хожигдсоныг нь хариуцлагагүй барилдсан гэж хэлэхээс өөр арга алга. Польшийн бөх дараагийн тойрогт Шведийн бөх София Магдалена Маттссонд 3:9 онооны харьцаагаар ялагдаж манай бөхөд дагах барилдаан хийх боломж гарсангүй.

“А” хэсэгт Японы бөх Саори Ёшида хоёрдугаар тойрогт Азербайжаны бөх Наталья Синишинийг 4:0, гуравдугаар тойрогт Сенегалын бөх Изабелла Самбуг 9:0, хагас шигшээ барилдаанд Вэнэсуэлийн бөх Бетзабеи Анжелика Аргулло Виллегасыг 6:0 онооны харьцаагаар хожин мөнгөн медалийн болзол хангаж алтан медалийн төлөө барилдаанд АНУ-ын бөх Хэлэн Луиса Марилиустэй өрсөлдөж 1:4 онооны харьцаагаар дийлджээ.

63 кг-ын жинд “А” хэсэгт орсон Гавьяат тамирчин С.Батцэцэг баруун мөрөндөө гэмтэлтэй ч дэвжээнд гарч нэгдүгээр тойрогт хийлсэн. Тэрээр Нигерийн бөх Блессинг Оборудудуг ялж, хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Елена Пирожковатай барилдахдаа 1 оноогоор торгуулж хөлд нь сууж 2 оноо авч хожиж байхдаа баруун хөлд нь дутуу орж өрсөлдөгчөө ардаа гаргаж 2 оноо алдаж 2:3 онооны харьцаагаар ялагдлаа. Туршлагатай бөх хожиж явахдаа өрсөлдөгч нь гарцаагүй давшилт хийх гэж байхад хөлд нь дутуу явж оноо алдаж ялалтаа алдсаныг уучилж болшгүй. Өмнө нь түүнийг 2013 онд Унгар улсын Будапешт хотод болсон ДАШТ-нд АНУ-ын бөхийг хоёрдугаар тойрогт цэвэр ялж байсан юм. Е.Пирожкова хагас шигшээ барилдаанд Беларусын бөх Мария Мамащуктай өрсөлдөж 2:3 онооны харьцаагаар хожигдож манай бөх дагах барилдаан хийх боломжгүй болсон.

53 кг-ын жингийн шувтаргын барилдаанд АНУ-ын бөх Хэлэн Луиса Марилиус ухаалаг барилдаж Японы домогт бөх Саори Ёшидаг 4:1 онооны харьцаагаар ялж өөрийнх нь цаг ирснийг харууллаа.

75 кг-ын жингийн гуравдугаар тойрогт Беларуссын бөх Василиса Марзалюк 1:2 онооны харьцаагаар ялагдаж яваад АНУ-ын бөх, дэлхийн 3 удаагийн аварга Аделина Грейг барилдаан дуусахаас 1 секундын өмнө 2 оноо авч ялж шуугиан дэгдээсэн бол Казахстаны бөх Гюзель Манюрова хагас шигшээ барилдаанд Оросын бөх Екатерина Букинад 4:8 онооны харьцаагаар ялагдаж яваад барилдаан дуусах мөчид цэвэр дарж 38 настайдаа олимпийн хошой мөнгөн медальт бөх болсон.

Тэмцээний хоёр дахь өдөр Азербайжан, АНУ, Беларусь, БНХАУ, Казахстан, Канад, ОХУ, Польш, Швед, Япон гэсэн 10 орны бөхчүүд медаль хүртсэнээс Японы бөхчүүд тус бүр 1 алт, мөнгө, Казахстаны бөхчүүд мөнгө, хүрэл медаль авчээ.

Энэ олимпийн наадмаас Японы эмэгтэй бөхчүүд мөнгө, 4 алтан медаль авч дэлхийн дэвжээнд ноёрхож байгаагаа дахин нотоллоо.

Энэ олимпийн наадмыг манай эмэгтэй бөхчүүд медальгүй дуусгалаа. “Рио-2016” наадмын дэвжээ манай эмэгтэй бөхчүүдэд ээлгүй, хатуу байлаа.

Эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнд эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, Д.Батням, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр нар дасгалжуулагчаар, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа, Б.Шоовдор нар бэлтгэл хангагч бөхөөр оролцлоо.

53 кг: 

1. Хэлэн Луиса Марилиус /АНУ, ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт, Пан-Америкийн спортын наадмын болон тивийн аварга/
2. Саори Ёшида /Япон, олимпийн 3 удаагийн, дэлхийн 12 удаагийн аварга, Азийн спортын наадмын 4 удаагийн аварга, тивийн аварга/
3. София Маттссон /Швед, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, Европийн спортын наадмын аварга/
3. Наталья Синишин /Азербайжан/

12. Эрдэнэчимэгийн Сумьяа /Үндэсний шигшээ багийн тамирчин, “Хилчин” спорт хороо, ДАШТ-ний болон Оюутны универсиад наадмын мөнгөн медальт/

63 кг

1. Рисако Кавай /Япон, ДАШТ-ний мөнгөн медальт, өсвөрийн дэлхийн аварга, залуучуудын дэлхийн хошой аварга/
2. Мария Мамащук /Беларусь, европийн спортын наадмын хүрэл, тивийн аварга шалгаруулах тэмцээний
алт, мөнгөн медальт/
3. Моника Ева Михалек /Польш, ДАШТ-ний хошой хүрэл, европийн аварга шалгаруулах тэмцээний 3 алт, мөнгө, хошой хүрэл медальт/
3. Екатерина Ларионова /Казахстан, ДАШТ-ний хүрэл, азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой хүрэл медальт/

12. Соронзонболдын Батцэцэг /Гавьяат тамирчин, “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ний мөнгө, хошой алт, Оюутны зуны универсиад наадмын алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

75 кг:

1. Эрика Элизабет Вейбе /Канад/
2. Гюзель Манюрова /Казахстан, олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ний мөнгө, хүрэл, Азийн наадмын хүрэл, азийн аварга шалгаруулах тэмцээний 4 алтан медальт/
3. Чжан Фенглю /БНХАУ, дэлхийн аварга, азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт/
3. Екатерина Букина /ОХУ, ДАШТ-ний мөнгө, хүрэл, Зуны оюутны Универсиад наадмын алт, европийн спортын наадмын мөнгө, тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө,
хүрэл медальт/