Ардын хүүхдүүд сугалаагаар, Ардын намын хүүхдүүд ЯАМ-ны цэцэрлэгт явна

ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн нүүр номондоо “Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ажилчдынхаа хүүхдүүдэд зориулж дотооддоо цэцэрлэг байгуулах тухай санаачилга маань Засгийн Газрын хуралдаанаар дэмжигдлээ. Эхний ээлжинд ГХЯам, ХНХЯам, Уул уурхайн яамдууд яамныхаа байранд 70-80 хүүхдийн нийт 230 хүүхдийн цэцэрлэг байгуулахаар боллоо” хэмээн бичсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна.

Үүний хариуд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Арай үгүй байлгүй дээ. Хүүхдийн стандарт орчин гэж бий. Дээр нь наад байрууд тань тусгай хамгаалалттай газар” хэмээн жиргэсэн байна. Түүнчлэн твиттер, фээсбүүк хуудсаар “МАН-ын гишүүдийн хүүхэд ЯАМ-ны цэцэрлэгт явах нь”, “Нэг талаас цэцэрлэгийн асуудлыг шийдэж байгаа ч нөгөө талдаа төрийн албаны ханшийн өсгөж, авилгалыг улам гааруулж магад”, “Ард түмнээсээ татвараа ав адилхан авдаг байж өрөм тосыг нь дандаа яахаараа төрийн ажилчдын амь амжиргаа руу татаж байдаг юм бэ?” гэхчлэн шүүмжлэл өрнөжээ.