С.Баяр намынхаа гишүүн Н.Дэмбэрэлийн яриаг чагнаж, ална гэж сүрдүүлэв

Засгийн эрхийг гартаа авсан МАН-ын дотоод “зодоон” ахиад л эхлэв. Намын дарга, Ерөнхий сайд асан С.Баяр намынхаа залуу лидер гэгддэг Н.Дэмбэрэлийг утсаар дарамтлаж, “ална” гэж сүрдүүлжээ. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг ч Н.Дэмбэрэл мөчөөгөө өгөхийг хүсээгүй бололтой өөрийн цахим хуудсаараа дамжуулан “С.Баяр яриад, миний яриаг бичиж байгаа, ална гэнэ ээ. С.Баяр гэдэг хүн улсаа зараад хаа хүрэв? Баяр гэдэг хүн дарамтлана гэнэ ээ, улсаа зарсан новш зайлвал таарна. АНУ-д долоон байртай бил үү” гэх зэргээр бичжээ. Мөн тэрээр 9911..-тэй Санжийн Баяр гэх дугаартай утас руу бичсэн мессэжээ олонд дэлгэсэн юм. Уг нь Н.Дэмбэрэл, С.Баяр хоёр энэ жилийн ээлжит сонгуулиар МАН-ын сурталчилгааг хариуцан, гар хөл нийлэн хамтран ажилласан алтан түнш гэх. Н.Дэмбэрэл нь Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, Нийслэлийн засаг даргын Тамгын газар олон нийттэй харилцах албаны дарга, МАН-ын улс төрийн бодлогын зөвлөх, “Чингис хаан” ХХК-нд менежер, “Статус Сом” ХХК-нд захирал зэрэг хариуцлагатай алба хашиж явсан нэгэн. Түүнийг одоогийн УИХ-ын дарга М.Энхболдын “цэрэг” гэдгийг улс төрийнхөн андахгүй. С.Баярын хувьд МАН-ынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй нэгэн гэдэг. Ингэхээр МАН-ын шинэ залуу лидер, нэгэн цагт удирдагч нь явсан дарга хоёр бие биенийхээ утсыг чагнаж, “алах талах” дээрээ тулсныг үзвэл МАН-ын дотоод асуудалд нилээдгүй гал авалцаж буй бололтой. Түүгээр ч зогсохгүй Н.Дэмбэрэл нь энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хэвлэл мэдээлэл байвал нээлттэй ярина гэснийг үзэхэд С.Баяр даргынхаа илүү их нууцыг дэлгэх гэсэн бололтой. Төр түшилцэж байгаа эрхэмүүд дотоод асуудлаа шийдвэрлэж, ойлголцож чадахгүй байж улс орны асуудлыг хэлэлцэж, шийднэ гэдэг “тоглоом”. Эсвэл тэдний хувьд алах талах, утас чагнах гэдэг нь байдаг л нэг асуудал мэт. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэж, зорилго нэгтэнүүдийн хоорондын зодоон ирэх дөрвөн жилдээ үргэлжилсээр л байх нь дээ.
,