Эцэг эхчүүд төлсөн мөнгөндөө таарсан боловсролыг нэхэх хэрэгтэй

Монголд арван жилээ төгссөн хүн бүр их дээд сургуульд орж суралцдаг. Нэг ёсондоо жилд 20-30 мянган төгсөгчид байна гэж бодоход 20-30 мянган бакалавр мэндэлж байгаа хэрэг. Дөрвөн жилийн туршид бидний сонсож мэдсэн боловсрол оюутны ширээнээс амьдрал дээр гарахад хэр үнэ цэнэтэй байдаг вэ. Дөрвөн жил сурсан нягтлан, гадаад хэлний багш, олон улсын харилцааны мэргэжилтэн гэх мэт бүгд сураад төгссөнийхөө дараа ажлын байранд гарахад ахиад л ямар нэгэн сургалт курст хамрагдаж байж өөрийн сурсан мэргэжлийн дагуу ажилд орох бяцхан эрх үүсдэг.

Жил бүр төлбөр нь нэмэгддэг үнэтэй боловсрол бидний амьдралд  хэрэг болдог гэж үү. Монголдоо ажилд орж чадахгүй. Дээр нь гадагшаа явж суралцъя гэхэд гадны сургуульд Монголд авсан бакалаврын диплом үнэ цэнэгүй байдаг. Нэг үгээр хэлбэл хаана ч хүчгүй дипломын төлөө дөрвөн жил сул мөнгө төлж өөрийгөө болон ар гэрээ зовоосон хэрэг. Монголд эзэмшсэн мэргэжил, Монголоос авсан диплом хэрхэн үнэ цэнэтэй байх тал дээр боловсролын яам юу бодож явдаг юм болоо.

Мэдээллийн эрин зуун, мэдлэг боловсролын эрэлд гарсан хүмүүсийн сэтгэхүй дээр тоглолт хийж бизнес эрхэлдэг их дээд сургуулиуд авч буй мөнгө шигээ боловсролыг, хэзээ бидэнд олгож эхлэх бол. Аливаа зүйл цөөхөн байхдаа чанартай байдаг. Өнөөдөр манай улсад тогтмол үйл ажиллагаа явуулдаг 110 их дээд сургууль байдаг аж. Энэ тоог цөөлж чадвал залуучууд чанартай боловсролыг олж авч чадна. Сүржин нэртэй дээд сургуулиуд аливаа байгууллагын нэг давхарт стандартын бус үйл ажиллагаа явуулж залуучуудын мөнгийг сааж байна. Мэдлэгээрээ гайхагдсан цөөхөн хэдэн багш нар нь улсын хувийн гэж ялгалгүй бүх сургуульд хичээл зааж халтуур хийдэг учраас эдгээр жижиг сургуулиуд зах зээлээс шахагдаж гарахгүй байгаа юм. МУИС-д багшилдаг багш өөр нэгэн жижиг дээд сургуульд мөн л хичээл ордог.

Хөдөлмөрийн төв бирж дээр ажил хайгчдын тоо жилээс жилд нэмэгдэж байхад эзнээ хүлээсэн ажлын байр мөн адил хоосон байдаг. Нэг ёсондоо бидний олж авсан мэдлэг боловсрол ажлын байрандаа гологдож байгаа хэрэг юм. Залуучууд суралцаж байх хугацаандаа зоогийн газар, ресторанд зөөгч, бармены ажил хийж сургалтын төлбөрөө олж авдаг. Гэтэл сураад төгссөнийхөө дараа мөн л нөгөөх зоогийн газартаа шингэж үлддэг. Юуны төлөө дөрвөн жил төлбөр төлсөн юм бол. Ажлын байрны зар дээр хамгаалалтын албаны ажилтан, дэлгүүрийн худалдагч авахдаа хүртэл дээд боловсролтой хүн авна гэдэг. Бид дэлгүүрийн худалдагч хийхийн төлөө дээд сургуульд нягталнгаар суралцсан гэж үү. Ийм нөхцөлд ажиллахаа мэдсэн бол 45 хоногийн курст суралцах арай хямдхан боломж байсан шүү дээ. Боловсролыг үнэгүйдүүлсэн дээд сургуулийн тоог багасгавал диплом цаас болохгүй юм.

Их дээд сургуулиуд жил бүр төлбөрөө нэмдэг хэрнээ боловсролын чанартаа анхаардаггүй. Их мөнгө төлж байж сайн боловсрол олж авна хэмээх гажиг бодлыг хүүхдүүд цэцэрлэгт байхаасаа авч байгаа нь харамсалтай хэрэг. Нэг талаар эцэг, эхчүүд хүүхдийн энэ бодлыг дэвэргэж байна. Хүний мөнгө хайрлахгүй үрэх хамгийн эмзэг сэдэв бол үр хүүхэд. Энэ эмзэг бодол дээр нь тоглож хүүхдийг цэцэрлэгт орохоос нь авахуулаад мөнгө олох хэрэглүүр болгож байна. Хятад хэлний цэцэрлэг, Орос хэлний цэцэрлэг гээд сарын 300-500 мянган төлж эцэг эхчүүд хүүхдээ явуулдаг. Гэхдээ үр дүн нь ямар байх тал дээр аав ээжүүд анхаарлаа хандуулдаггүй. Багаасаа их мөнгө төлж сурсан хүүхэд сургуульд орохдоо хүртэл жилийн 5-9 сая төгрөгийн үнэтэй арван жилийн сургуульд ордог. Гэхдээ улсын сургуулийн хүүхдүүдтэй яг л адилхан сэтгэдэг шүү дээ.

Хүн өөрөө л сурах чиглэлээ бий болгож суралцах хүслээ олж авна. Түүнээс биш хэдэн арван саяын төлбөртэй сургуульд явлаа гээд мундаг гоц хүн болохгүй. Аав, ээжүүдээс нь мөнгийг нь саадаг сургуулиуд түүндээ таарсан эелдэг нялуун зан гаргаж хүүхдийг өөр орчинд, өөр сургуульд явж чадахааргүй болгож орхидог. За тэгээд их сургуульд ортлоо зөвхөн боловсролдоо 100 саяын зардал гаргасан хүүхэд бусадтайгаа яг ижилхэн сэтгэж байдаг нь харамсалтай. Их сургуулийн дөрвөн жилд баахан өндөр төлбөр төлж төлчхөөд ажлын байран дээр гарахдаа бас л хахууль өгч ширээний араас зүүгддэг нь бичигдээгүй хууль болжээ.

Зөвхөн ажлын ширээний ард суух гэж энэ их мөнгийг үрэх хэрэг байна уу. Зүгээр л мэргэжлээ тодорхойлоод сургалтад сууж ажлын байртай болох боломж бидэнд байна. Гэхдээ манай хүүхэд тэр сургуулийг, тийм дипломтой төгссөн гэж бусдад ам бардам ярих тэнэг хүсэлдээ хөтлөгдөж энэ их мөнгийг үнэ цэнэгүй дипломд хаядаг шүү дээ. Эцэг эхчүүд. Бид энэ сонин байдлаа хэзээ хаях вэ. Энэ гажиг зангаа орхисны дараа л бидний хүүхдүүд суралцаж буй сургуулиасаа төлсөн мөнгөндөө таарсан боловсролыг нэхдэг болно. Түүнээс наана , мөнгөө төлчхөөд хичээл цонхолход баярладаг байдал хэзээ ч арилахгүй. Боловсрол чанаргүй байна, Монголоос авсан диплом үнэ цэнэгүй байна гэж эцэг, эхчүүд мянга үглээд энэ байдал засрахгүй. Хүүхдийн тань авсан боловсрол төлсөн мөнгөтэй чинь дүйцэж чадах байдлыг аав, ээжүүд л бий болгож чадна. Ихийг төлсөн бол ихийг шаардаж сурах хэрэгтэй.